М.Батгэрэл: Орон нутгийн хөгжлийн санд 201.9 тэрбум төгрөг баталж өгсөн

Хуучирсан мэдээ: 2014.11.22-нд нийтлэгдсэн

М.Батгэрэл: Орон нутгийн хөгжлийн санд 201.9 тэрбум төгрөг баталж өгсөн

Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.

-УИХ-аас 2015 оны төсвийн хуулийг батлах хүрээнд орон нутгийн хөгжлийн санд хэчнээн хэмжээний хөрөнгө суулгасан бэ. Хэр бодитой төлөвлөгдсөн бэ?

-Нийт 201.9 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Урьд жилүүдтэй харьцуулахад нэлээн бодитой туссан болов уу. Өнгөрсөн онуудад орон нутагт төвлөрүүлэх татварын орлого тасарсан учраас хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэлтэй гэж үзсэн. Жишээ нь, 2014 онд 284 тэрбум төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх санд суулгасан ч одоогоор 171 тэрбум төгрөгийг олгосон,  69 тэрбум нь тасрах төлөвтэй байна. энэ нь эргээд хувийн хэвшлийнхэнд хүндээр тусдаг. Банкнаас зээл аваад, ажил гүйцэтгэчихдэг, гэтэл мөнгө нь орж ирдэггүй. Тийм учраас орлого тасалдлыг гаргахгүй байя гэж үзээд 2015 онд 201.9 тэрбумаар төлөвлөсөн. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг оруулж тооцсон учраас ирэх онд тасалдал бага байх болов уу.

-Энэ нь хуулиараа зөвшөөрөгдсөн үү?

-Тийм ээ, 2014 оны долдугаар сард хуульд өөрчлөлт оруулсанаар газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг оруулж тооцохоор болсон юм.

-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр юу, юу хийх бол… Хамгийн том бүтээн байгуулалт аль аймагт хийгдэх вэ?

-Ямар ажил хийхээ орон нутгийн иргэд өөрсдөө саналаа өгч шийднэ. Ер нь Орон нутгийг хөгжүүлэх сан хэрэгжиж эхэлснээр Сангийн яаманд хандаж “Худаг барьж өгөөч, сургууль, цэцэрлэгийн цонх хагарлаа, шиллэх хэрэгтэй байна”  гэдэг хүсэлт маш их ирдэг байсан нь цөөрсөн.  Тэгэхээр ойрын хоёр, гурван жилд анхдагч хэрэгцээгээ хангаад сумын хөгжилдөө анхаарсан, хөгжлийнхээ бодлого руу цаашдаа орох болов уу.

Сангийн яамны хувьд төсөв зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэдэгт их анхаардаг. Нийт 330 гаруй суманд очиж ажиллах боломжгүй. Тийм учраас иргэдийнх нь хяналтад өгье гэж үзээд мэдээллийн систем хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Түүнийг үзвэл, аль суманд, ямар ажил хийгдэв, хэдий хэмжээний санхүүжилтээр баригдсан бэ гэдэг маш тодорхой.

-Мэдээллээ оруулахгүй байвал яах вэ?

-Зарим аймаг, нийслэлийн дүүрэг мэдээллээ оруулдаггүй. Ямар хөшүүрэг хэрэглэж байна вэ гэхээр зарцуулагдаж байгаа мэдээллээ оруулахгүй бол “Санхүүжилт өгөхгүй” гэдэг. Ийм л зарчим барьж ажиллаж байгаа.

-Орон нутгийн хөгжлийн санд Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд олон тооны зөрчил илэрсэн тухай мэдээлэл бий. Энэ тухай тодруулах боломж байна уу?

-Үндэсний аудитын газраас 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд аудит хийсэн. УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнгөрсөн лхагва гаригт хэлэлцэх байсан ч хойшилсон. Намын бүлгээр аудитын дүгнэлтийг хэлэлцэх үед нэлээн хэмжээний зөрчил дутагдал байна гэж ярьсан. Жишээ нь, сум орон нутгийн удирдлагууд нь намын харьяалал харгалздаг, эсвэл хоорондоо таарамжгүй бол сум руу хөрөнгийг нь өгдөггүй. Сум нь танил талаа хардаг зэрэг зөрчил дутагдал гардаг юм байна. Ийм зүйлд мөнгө битгий өг гэж УИХ-ын гишүүд хэлж байна лээ. Сангийн яамны хувьд суманд мөнгө олгодоггүй, аймагт өгдөг. Нөгөө талдаа, нэг албан тушаалтан хууль зөрчсөний төлөө бүх хөрөнгийг зогсоох боломжгүй.

-Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх заалт уг нь хуульд байгаа биз?

-Бий.

-Иймэрхүү гомдол Сангийн яаманд ирвэл шалгах уу?

-Хамгийн сүүлд Дорноговь аймгийн ИТХ-аас гомдол ирсэн. Тус аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, орон нутгийг хөгжүүлэх хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын барилга барьчихлаа гэсэн. Өөрийн тав тух бодож, мөн зориулалт бусаар төсвийн хөрөнгийг ашигласан байвал Засаг дарга огцрох хуультай. Яаманд асуудал тавибал шалгана.

-Аймгуудаас өнөөдөр хэд нь бие дааж төсвөө бүрдүүлж чадаж байгаа вэ?

-Өмнөговь, Орхон, Улаанбаатар хот. Бусад нь бүгд улсын төсвөөс санхүүжилт авдаг.   

-Орон нутагт хуваарилах 201.9 тэрбумыг яаж хуваах вэ?

-Хуваадаг томъёог нь Засгийн газраас баталж өгсөн байдаг. Хүн амын тоо, орон нутгийн хөгжлийн индекс газар нутгийн алслалт, татварын идэвхи санаачлага зэргийг харгалзан олгодог.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж