Хуучирсан мэдээ: 2014.11.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч, тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн батлах шаардлагатай ч гишүүд хуралдаа суудаггүй урьдын алдаа үргэлжилсээр. Лав л пүрэв гаригт УИХ-ын чуулган хуралдаж чадаагүй. Баасан гаригт буюу өчигдөр чуулганы хуралдаан зарлагдахад үдээс өмнөдөө цөөнхийн бүлэг “Наад Ерөнхий сайдад нэр дэвшигч чинь таалагдахгүй байна” гээд хуралдаандаа суусангүй. Олонхи ч юу дутах вэ гэсэн шиг үдээс хойшхи хуралдаанд ач холбогдол өгсөнгүй,  “Ерөнхий сайдаа томилчихлоо, одоо боллоо” гэсэн байдлаар хандав.

Үдээс хойшхи чуулганы хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байснаас Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч санал хурааж чадсангүй. Ирцгүй үед санал хураалгавал, хуулийн төсөл төрхөмдөө буцах учраас хуралдаан даргалагч “Чуулганыг өндөрлүүлэх цаг боллоо” гэж хэлээд хуралдаанаа хааж байх жишээтэй. Хуралдаа суудаггүй гишүүдээ хаацайлж байгаа юм уу, эсвэл УИХ ажлаа хийхээ больж гэж хэвлэлийнхэн шүүмжлэхээс эмээсэн үү, тийм нэг тайлбар хийгээд өнгөрөв. Уг нь бол ажлаа тасалсан гишүүдийн нэрийг зарласан бол илүү шударга байлаа.

Чуулганы үдээс хойшхи хуралдааныг УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны зураглаачийн үзүүлснээр бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат, Р.Бурмаа, М.Батчимэг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарын тун цөөн тооны гишүүд танхимд сууж харагдлаа. Хуралдаанд оролцсон зарим гишүүдийн нэр дурдагдаагүй бол уучлаарай, зураглаачийн харуулснаар ийн бичлээ. УИХ нийт 76 гишүүнтэй, үдээс хойшхи хуралдааны үеэр Засгийн газар хуралдаж байсан тул сайдын үүрэг гүйцэтгэгчид эзгүй байж болно. Гэхдээ бусад гишүүд хаачив. Гэр бүлийн асуудал Монголын нийгмийн тулгамдсан, монгол төрийн чухал асуудал болж хувирсан байтал ард түмнээс сонгогдсон түшээд хуулийн хэлэлцүүлэгт яагаад ач холбогдол өгсөнгүй вэ?.

Ганц энэ хуулийн төсөл ч биш, олон, олон төсөл ийм байдлаар хэлэлцэгдэж УИХ-аар батлагддаг нь нууц биш. Тиймдээ ч хэрэгжээд эхлэхээр амьдралтай зөрчилдөж, дахин засвар хийхээс аргагүй болдог.

Ер нь УИХ хэзээнээс ажлаа хийсэн шиг хийж, гишүүд нь хэзээнээс хуралдаа цагтаа ирж, оролцдог болж сурах вэ. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг юу юм, ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийг хамгаалсан хууль баталж гаргах юм уу, эсвэл хурал тасалж, хувийн ажлаа хуулийн хүрээнд амжуулахыг хэлдэг юм уу.

Бүрэн эрхийн хугацааны 2 жил гаруйн хугацаа өнгөрлөө. Нэг л мэдэхэд 2016 оны УИХ-ын сонгууль болно. УИХ үндсэн ажилдаа шуурхайлахгүй бол удахгүй шинэ он гарах нь.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж