Жаахан хүйтрээд эхлэнгүүт дүүргийн хүүхдийн эмнэлэг өвчтөнүүдээ хэвтүүлэх зайгүй пиг дүүрдэг болсоор удаж байна. Зарим нэг нь гудас дэвсээд хонгилд хэвтэх энүүхэнд болжээ. Гудас дэвсээд хэвтэх зай олдохгүй нэг нь өвчтэй хүүхдээ тэврээд гэртээ харихаас өөр аргагүй. Ханиад, томуу ид дэгдэх үед өдөртөө 30-40 хүүхэд ирж үзүүлдэг, хөнгөхөн өвчилсөн нэгнийг нь гэрээр эмчилэх зөвлөгөө өгөөд буцаахаас аргагүй байгаа талаар хүүхдийн эмч нар байнга л учирладаг.
Монгол Улс ядуу. Төсвийн хүрэлцээ муу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих хөрөнгө муутай. Жил бүр улсаас бага зэргийн юм амсуулах ч сүүлийн арван жилд хүүхдийн эмнэлэг шинээр баригдаагүй. Түлэнхийн төв нь орон оронгүй, энд тэнд хэсүүчилж, хэдэн өвлийг авлаа. Гурван ээлжээр хичээллэдэггүй улсын сургуулийг хайгаад ол. Нэг ангид 25 хүүхэд хичээллэх ёстой цэцэрлэгт хичнээн хүүхэд шахалцалдаад сууж байдаг гээч.
Татварынхан олон жилийн өмнөөс өчнөөн сая төгрөгөөр бие биенээ урамшуулсаар иржээ. Илэрсэн нь энэ жил болохоос учир мэдэх хүмүүсийн яриагаар 10 жилийн өмнөөс л авдаг байсан гэх юм билээ. Үр дүнгийн гэрээний биелэлт нэрээр 2012 гэхэд доод тал нь 51 сая, дээд тал нь хоёр тэрбумын урамшуулал хүртсэн байх юм. Уг нь энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг барьсан бол хичнээн хүүхдэд буян болох байсан бол доо.
Улаанбаатар 9 дүүрэгтэй, жилдээ бараг хамгийн багадаа таван тэрбумыг татварын байцаагчид урамшуулал хэлбэрээр авдаг байсан гээд, түүнийг нь сүүлийн таван жилээр тооцоод гаргавал татварын төлөгчдийн 25 тэрбумыг урамшуулал хэлбэрээр халаасалжээ.
Монголдоо ганцхан байдаг Түлэнхийн төв хаалгаа бариад удаж байна. Өмнөх байр нь нурж унах дөхсөн учраас Түлэнхийн төвийг нүүлгэж шинэ байр барихаар төлөвлөсөн ч өдий хүртэл хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс өнөөг хүртэл айлаас айлын хаяа бараадан амьдарсаар. Түлэнхийн эмнэлгийн өвтөнгүүдийн дийлэнх нь бага насныхан. Гар хөлөө түлэхээс эхлээд нүд хальтрам түлэгдсэн хүүхдүүдийг ганцхан энд л эмчилдэг. Ганц түлэнхий биш л дээ. Хөлдсөн, хайрагдсан хүмүүс хөдөө гадаанаас зорьж ирдэг ганц эмнэлэг. Байргүй, техник хэрэгсэл нь хоцрогдсон энэ эмнэлэгт хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй байгаа.
Гэтэл хөрөнгө мөнгө байхгүй гээд гэдийчихдэг мөртлөө, татвар төлөгчдийн цуглуулсан хөрөнгөөс татварын байцаагчдын хэдэн зуун сая, тэрбумаар нь хүртэл урамшуулж байгааг шударга явдал гэж дүгнэх нь утгагүй. Татварын байцаагчид ажлаа хийж байгаа болохоос сайн дураараа төрд үүрэг гүйцэтгээгүй биз дээ. УИХ-ын дарга З.Энхболд татварын байцаагчдын авсан урамшууллыг буцааж төлүүлнэ гэж жиргэсэн. Хэрэв үнэхээр авч чаддаг бол тэднээс урамшуулалын мөнгийг нь буцааж аваад татвар төлөгчдийн үр хүүхдийн ирээдйүд зарцуулах нь хэрэгтэй байна.
Өвчиндөө шаналсан хүүхдүүд шалан дээр ёолж байхад татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ сая, сая, тэрбум, тэрбумаар урамшуулал байгааг татварын байцаагчдын шударга төрийн албан хаагч гэж хэлэх үү. Төр хэрвээ байдаг юм бол баялаг бүтээгчдийн мөнгийг үр дүнгийн гэрээний биелэл гэдэг гоё нэрээр туучихсан татварын байцаагчдаас хөрөнгө буцааж авах хэрэгтэй.
Түүгээр нь Түлэнхийн төвөө, Хүүхдийн эмнэлгээ барья.
Б.ХОНГОР