Тамирчид дугаараа дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Тамирчид дугаараа дуудлагаар худалдана

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын спортын алдартнууд хүүхдийн эрүүл мэндийн төлөө дуу хоолой, сэтгэлийн тусаа зориулахаар шийджээ. Олимп, дэлхийн алдартнууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлагаар худалдаж, олсон орлогыг нэгэн хүүгийн эмчилгээнд хандивлахаар болсон байна. Тэд энэ удаа хүнд өвчнөөр шаналсан Д.Амарбаясгалан хүүд туслахаар сэтгэл нэгджээ. Д.Амарбаясгалан хүү 11 настай. Нийслэлийн “Сант” сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг энэ хүү аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. 2009 оны хоёрдугаар сараас эхлэн зүүн хөлийн эрээн булчин, өвдөг орчмоор  нь өвдөж, гишгэхэд хөндүүрлэх болсон бяцхан хүүгийнхөө төлөө аав, ээж нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдвар судлалын үндэсний төв, НэгдсэнI, II эмнэлэг, Монголын Реваматалогийн холбоо зэрэгт хандан эмчлэгдэх арга зам хайсан боловч энэ өвчин Монголд эмчлэгдэх байтугай оношлох боломжгүй байжээ. Ингээд 2009 оны наймдугаар сард БНХАУ-ын хүүхдийн нэгдсэн эмнэлэгт HLA-B27 шинжилгээ өгснөөр JAS-juvenile ancelosing spondylitis гэсэн ховор тохиолддог өвчин болох нь тогтоогдож, АНУ-ын үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн тариаг яаралтай хийлгэх шаардлагатай болсон юм. Хүүгийн эмчилгээний зардалд 70 гаруй мянган ам.доллар хэрэгтэй байгаа учир олны хүч оломгүй далай хэмээн олимп, дэлхийн аваргууд, урлаг соёлын одод нэгдэн, аав, ээждээ аз жаргал бэлэглэж яваа бяцхан хүүд амьдрал бэлэглэхэд туслахаар шийдсэн нь энэ аж.

“Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага, Монголын тамирчдын санаачилж буй сайхан сэтгэлийн аяныг Монгол Улсын гарьд  Н.Ганбаатар, Монгол Улсын заан Д.Рагчаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, “Чоно” хамтлагийн ахлагч дуучин Дэрмээ, ”Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нарын олон хүмүүс дэмжихээ илэрхийлснийг дашрамд тэмдэглэх хэрэгтэй байх.

Хүүг эмчлүүлэхийн тулд хүн бүхэн чадах, мэдэхээрээ тусалж байгаа сайхан сэтгэлийн тус олимп, дэлхийн аваргуудын хэрэглэж байсан алтан дугаарыг дуудлагаар худалдахаас эхлэх юм байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр 9900-1111, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн 9900-0099,  Олимпийн аварга Э.Бадар-Ууган 9900-2222, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 9900-3333 гэх “Мобиком” компаниас тэдний амжилтыг үнэлэн, бэлэглэж байсан  азын алтан дугаараа дуудлага худалдаанд санал болгож байна.

Дуудлага худалдаа маргааш СУИС-ийн баруун талд байрлах “Records Center”-т 19.00 цагаас эхлэх аж. Дуудлага худалдааны талаар мэдээлэл авч, үнэ санал болгохыг хүсвэл 91919174 дугаарын утсанд хандаж болох нь ээ.

Урлаг, спортын оддын тус үүгээр дуусахгүй ээ. Өвчин шаналал тээсэн олон хүүхдэд, олон хүнд сэтгэлийн тус дэмээ харамгүй зориулж ирсэн Монголын рок, поп, нийтийн дуучид, хошин урлагийн уран бүтээлчид ирэх зургадугаар сарын сарын эхээр Д.Амарбаясгалан хүүд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уншигч та ч мөн энэхүү сайхан сэтгэлийн үйлсэд нэгдэж, бяцхан хүүгийн төлөө сайхан сэтгэл зориулахыг хүсвэл үүрэн телефоны бүх оператороос 151111 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн, хандив өргөх боломжтой. Таны бичсэн нэг мессеж 550 төгрөгөөр үнэлэгдэн, хүүгийн эмчилгээнд далайн чинээ тус болон очих болно.

Хандивын данс: Голомт банк 1805004649 төгрөгийн данс

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж