Хөлбөмбөгийн алдарт Реал клубын талбай болох Сантьяго Бернабеу талбайн нэрийг өөрчлөхөөр болсон тухай уг клубын Ерөнхийлөгч Флорентино Перес мэдээлжээ. “Бид өөрсдийн талбайн нэрийг IPIC Бернабеу, эсвэл Cepsa Бернабеу хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ энэ 2 нэрний аль нэгийг сонгох нь ивээн тэтгэгчийн сонголт байх болно” гэж тэрээр өгүүлсэн байна.
"Реал" клуб нь хөрөнгө оруулалтын Арабын IPIC компанитай ивээн тэтгэлэгийн гэрээг байгуулан 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болоод байгаа юм. Ингэснээр Мадридийн Реал клуб 500 сая еврогийн хөрөнгө оруулалт авах, энэ хөрөнгө оруулалтын тодорхой хувийг дэд бүтцэд, үлдсэн хувийг 602 сая еврогоор үнэлэгдэж байгаа өрийг барагдуулахад зарцуулагдах юм. 1947 онд байгуулагдсан энэ цэнгэлдэх хүрээлэнг 1955 оноос эхлэн Реалын Ерөнхийлөгчөөр 35 жил ажилласан Сантьяго Бернабеуг хүндэтгэн нэрлэсээр ирсэн юм. Энэ цэнгэлдэх хүрээлэнд "Реал" клуб 6 удаа Европын аваргуудын цомыг хүртэж байсан түүхтэй юм.
Эх сурвалж: http://likenews.mn