-30 тэрбум төгрөгийн зээлийн үр дүн ер ямар байна. Танайхаас ажлын хэсэг гарган үйл ажиллагаатай нь танилцаж байгаа гэсэн?
-Нийтдээ 1446 аж ахуй нэгжид зээл олгосон. Ингэснээр 350-аад жижиг дунд аж ахуй шинээр нээгдэж, 957 нь тоног төхөөрөмж шинэчлэн, мөн эргэлтийн хөрөнгөдөө зарцуулж байна. Аймгуудаад 780-800 сая, 780 саяас нэг тэрбум хүртэлх төгрөг, нийслэлд есөн тэрбум, аймаг болон бүсийн чанартай үйлдвэрүүдэд 12,5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 4800 гаруй ажлын байр бий болж, 18 мянган ажлын байр хадгалагдах төлөв байна. 20 аймагт зээлийн үр дүнд шалгалт хийснээр бол 80-аад хувь хэрэгжсэн гэж үзэж болохоор байна. Үлдсэн 20 хувь алга болоогүй, улирлын чанартай бизнес болон хугацаа хожимдсон санхүүгийн эх үүсвэрээс болоод энэ жилдээ бүрэн ажилдаа орж чадаагүй байна. Үр дүн байна, нэмж мөнгө л их нэхэж байгаа.
-Зээлийн хэд нь үйлдвэрлэгчдийн гар дээр очсон юм. Одоо танай санд мөнгө үлдсэн үү?
-Манай жижиг дунд үйлдвэрийн хөгжил сулхан гэдэг. Гэнэт их зээл олгоход бизнесийн хүрд, үйлдвэрлэгчдийн чадал хүрч байна уу?
-Зээл яг зориулсан эзэддээ очив уу?
-Өмнө нь хбизнес эрхэлж байсан суурь машинтай ч юм уу ажлын байртай аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг хичээсэн. Гэхдээ энэ жил янз бүрийн л аж ахуй, нэгжид зээл олголоо. Хуулиндаа 1-199 хүртэлх ажиллагсадтай гэсэн болохоор нэг ажилтантай хүн ч, 150, 160 ажилтантай том компани ч гэсэн хуулиар зээл авах ёстой гээд байдаг. Хуулийг өөрчлөхгүй бол жаахан асуудал байна.
-Цаашид энэ төрлийн зээлийн хэмжээ нэмэгдэхээр байна лээ?
-Төсвийн төсөөлөлд 2010 онд 30 тэрбум 850 сая, 2011 онд 60 тэрбум 800 сая, 2012 онд 80 тэрбум төгрөг төлөвлөсөн байна лээ. Энэ жил хямралтай байсан ч аль болох хүссэн аж ахуй нэгжид зээл хүртээхийн төлөө ажилласан. Цааш цаашдаа харьцангуй бодлогын чанартай, оюуны багтаамж өндөртэй, НАНО био технологитой, эсвэл Монголд огт хийж байгаагүй бүтээгдэхүүн гэх мэт шинэлэг зүйлийг түлхүү дэмжинэ. Энэ жил хүнсний үйлдвэрлэлд их анхаарсан. Ирэх жил махны хангамжид анхаарах зорилготой байгаа. Энэ жил хүнс, үүний дотор сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарсан.
-Магадгүй гадагшаа зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах тийм том мөрөөдөл байж болмоор юм шиг?
-Эхний ээлжинд Монголд байгаа зах зээл, орон нутгийн зах зээлийг харж байгаа. Баян-Өлгийн нэг нөхөр хэлж байна лээ. Өндөг 500 төгрөг байснаа тахианы аж ахуй байгуулсан чинь 250 төгрөг болсон. Блок 900 байснаа 600 төгрөг болсон гэж. Үүн шиг орон нутгийнхаа зах зээл дээр тоглоод дараа нь цаашаа гарна.
-Улаанбаатар хотод есөн тэрбум арай их биш үү. Тэртэй тэргүй хот маш олон аж ахуй нэгжтэй. Энэ том зах зээлд жижиг үйлдвэрлэлд мөнгө гаргах нь хэр үр дүнтэй юм бол?
-Тантай санал нэг байна. Цаашдаа бодууштай юм. Улаанбаатарт дэмжлэг үзүүлье гэвэл томоохон үйлдвэр барихад анхаарах хэрэгтэй. Ер нь бол 300-500 саяын зээл авсан газрууд нэлээн бий. Энэ долоо хоногт нийслэлийн зээл авсан 80 гаруй жижиг дунд үйлдвэрүүдийг шалгана. Нийслэлд сүүний үйлдвэр, зоорьны аж ахуйг дэмжиж байгаа. Мөн агропаркийн аж ахуйд нэлээн дэмжлэг үзүүлж байгаа. Барилгын зарим материалын үйлдвэрийг дэмжих гэж байгаа.
-Бүх аймагт ижил дүнтэй мөнгө хуваарилахаар заримд нь дутаад заримд нь илүүдэх үү. Ялгавартай хандах байсан юм болов уу?
-Гомдол бий. Хөвсгөл 130 мянга, Говьсүмбэр 20 мянган хүнтэй. Хүн амын болон үйлдвэржүүлэлтийн байдал зэргийг судалж байгаа. Ирэх жилээс ялгавартай хандана.
-Сайн тал мэдээж их байгаа. Энэ их мөнгө гаргасны сөрөг тал гэвэл?
-Зарим нь зээлээ зориулалтын бусаар ашиглаж байна. Тахианы аж ахуй байгуулна гэсэн нөхөр дэлгүүр лүү оруулчихсан байх жишээтэй. Ийм аж ахуйн нэгжүүдийг арванхоёрдугаар сараас албан ёсоор зарлана. Ийм тохиолдолд зээлийг эргүүлж төлүүлнэ. Эсвэл барьцаа хөрөнгийг нь банк зараад мөнгөө эргүүлж авах шаардлага тавина. Үйлдвэрлэл хөгжүүлэх мөнгө болохоос наймаа хийх юм биш. Нөгөө 30 тэрбум төгрөг чинь нэг мэдсэн бүгд Эрээн рүү гарчихсан байвал яах билээ. Үйлдвэрийн агентлаг үүнийг хянаж чадахгүй бол агентлагтай ч бас төр бас хариуцлага тооцно шүү дээ.
Өөр нэг сөрөг тал нь банкныхан барьцаа хөрөнгөтэй, эргэн төлөлтөө бодоод чадалтай тал руу нь өгөөд байна. Тун боломжийн ч барьцаа хөрөнгөгүй бизнесүүд байна. Аймгуудад мөнгө хуваарилдаг комисс байгуулсан. Дэд комисс дээр ерөнхий чиглэл өгөхгүй бол зарим аймаг албан ёсоор хариуцсан нь орсон байхад, зарим аймагт сумынхаа дарга нарыг хамаад комисстоо оруулчихсан. Зарим аймаг хариуцсан хүмүүсээс гадна элдэв жорын хүмүүс хамаад оруулчихсан байх. Комиссыг төвөөс чиг өгмөөр юм байна гэж сайдад танилцуулж байгаа. Худалч хүнд аймаг болгон танил талаараа комисс байгуулах гээд байна. Дуртай нэг хүн төсөл өгөөд надад зээл өгсөнгүй тэдэн сар явлаа гээд хэрүүл хийгээд байгаа. Анхнаасаа тэр төслийг шалгуур үзүүлэлтээр хүлээж авлаа, аваагүй гэж ялгах ёстой байж. Бизнес мэдэхгүй асуудал гарч байна. Сургалт дээр анхаарах хэрэгтэй юм байна.
-Өмнө нь бизнес эрхэлж байгаагүй ч сайн төсөл бэлтгэсэн байвал зээл олгох уу?
-Ер нь ярьж байгаа. Ирэх жилээс Баталгааны сангийн зориулалтаар 2010 оны Төсвийн төсөлд мөнгө тавьж байна. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа нөхцөлд даатгалын сан байгуулах юм. Даатгалын байгууллагуудад даатгуулсан байхад банк зээл өгөх нь тодорхой. Бэлэн төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжинэ. Энэ жилийн төсвийн төсөлд энэ чиглэлээр мөнгө оруулж байгаа. Даатгал, баталгааны санд тус бүр 1,5 тэрбум, хөрөнгө оруулалтыг дэмжихэд 3 тэрбум төгрөг, 30 тэрбум дотор энэ зориулалтаар сууж байгаа. Цаашилбал тоног төхөөрөмжийг лизингээр авахад зориулж есөн тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.
-Ерөөсөө бизнес хийж байгаагүй, мөнгөгүй хүмүүст зээл авах боломж бий юу?
-Үнэхээр мэргэжлийн хүмүүс нь дүгнэлт гаргаад энэ шинэлэг бизнес гэвэл Итгэлийн зээл гэж оруулж байгаа. Хөдөө орон нутагт Булган аймагт хэрэгжүүлсэн. Яг эзнээ олсон итгэлийн зээл маш сайн төлөлттэй байдаг. Маш найдвартай итгэл хүлээхээр хүн байвал бид итгэлийн зээлийг хэрэглэнэ. Маш шинэлэг гоё зүйл байх ёстой. Яг одоо гэхэд маш шинэлэг зүйл хийх гэж байгаа хоёр залуубайгаа. Дөрвөн суурь машиныг 150 саяар авчихвал ийм гоё юм хийнэ гээд яриад байна. Тэрийг судлаад болмоор бол шууд машиныг нь авчраад өгчихнө. Машин нь тэдний бус улсын нэр дээр байх юм. Гэхдээ машинаа ашиглаад л байж байна. Юм хийхгүй бол машиныг нь буцаагаад авчихна. Ийм систем ашиглах гэж байгаа.
-Нийслэлд зоорь, сүүний чиглэлээ дэмжиж зээл олгожээ. Гэхдээ төмс, сүүний үнэ ч нь өсөөд л байна?
-Ногоо хөдөө орон нутгаас оруулж ирдэг. Гэтэл зоорь байгүй. Төмс намар 250-300 төгрөг байсан бол одоо 600 төгрөг болчихлоо. Цаашдаа ч өсөх байх. Зоорь хүрэлцэхгүй л байгаа. Маш том зоорьтой байвал үнэ жигд байна. Булганд үнээний ферм байгуулсан нөхөр одоо сүүгээ зарахгүй гэж байна лээ. Цагаан сар болохоор 1200, 1500-гаар бөөнд нь зарна гэнэ. Толгой нь сайн ажиллаж байгаа юм. Энэ мэтээр ахиц гарч л байна. Цаашдаа ч илүү ихийг хийх байх аа.
Б.УНДРАЛ