Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентийн засаглал

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентийн засаглал

Шинжлэх Ухааны академи, МҮАН-ын хамтран зохион байгуулсан "Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханы танилцуулсан илтгэлийг танилцуулж байна.

Илтгэлийн түлхүүр үгс:

1992 оны Үндсэн хууль, Яаран баталсан уу?
Үндсэн хуулийн хямрал уу?
Үндсэн хуулийн “цоож”
Парламентаризм ба сонирхлын бүлэг
Нэг болон хоёр танхимтай парламент
Ерөнхийлөгчийн үүрэг роль
Төрийн эрх мэдлийг хуваах онол
Төрийг бэхжүүлэхүй

М.Энхсайхан: Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентийн засаглалыг санал болгож байна

Эрдэм шинжилгээний хурал бол бие биедээ үзэл бодолоо тулгадаг талбар биш. Байгаа асуудлыг Шинжлэх ухааны үүднээс хэрхэн  харах,  бие биедээ бодол хайрласан, сэтгэлгээ хайрласан, шинийг харах өнцөг хайрласан ийм хурал зохион байгуулагдаж байгаа гэдгийг энд хэлмээр байна. Тийм учраас миний илтгэлийг  та бүгд авч гээхийн ухаанаар хандах ёстой гэдгийг  хэлмээр байна аа.

1992 оны Үндсэн хуулийг гадныхан яаж харж байгаа вэ? Гэдэг талаар эрдэм шинжилгээний материалуудыг судалсан. Миний анхаарал татсан нэг материал гэвэл Оросын хуульч эрдэмтний бичсэн энэ илтгэл миний анхаарал татсан.  Хуучин социалист гэгдэж байсан орнууд Үндсэн хуулиа батлахдаа бас жаахан яарсан, даарсан талын тухай энд тэмдэглэсэн байдаг юм. Ер нь бол Монгол Улс 1992 онд Үндсэн Хуулиа бусдаас түрүүлж баталсан орнуудын нэг.  Энэ хандлага маань зөв байсан уу буруу байсан уу гэдгийг бас энэ эрдэмтэн хэлсэн байна лээ. Жишээлбэл шинэ социализмаас дөнгөж мултрангуут Латви улс 1922 оныхоо Үндсэн Хуулийг шууд сэргээж авч хэрэглэсэн байгаа. Шинэ Үндсэн Хууль гэж яараагүй юм байна. Унгар 1949 оныхоо Үндсэн Хуулийг авч хэрэглээд 1996 он хүртэл шинэ хуулиа боловсруулсан байна. Гүрж 1921 оныхоо хуулийг хэрэглэсэн. Армян, Казакстан бусад улсууд 1995 он хүртэл бол Үндсэн Хуулиа нухацтай бодож хийх гэж оролдсон. Тэгэхээр энэ эрдэмтний хэлсэн санаанд юу байсан бэ гэхээр Үндсэн Хуулиа яаран боловсруулсан орны тоонд Монгол орно, яарсан хэмжээгээрээ алдаа нь гарсан байж магадгүй ээ гэсэн дүгнэлт хийсэн байна. Би энийг бас та бүгдийн анхааралд хүргэе гэж бодсон юм. Энэ хүний хийсэн бүтээл дотор юу байсан бэ гэхээр “Яагаад Монгол ийм түргэн Үндсэн Хуулиа батлах нөхцөл байдал үүссэн бэ гэвэл “Төвөөс зугтаах” хүч үйлчилсэн байхаа гэж хэлж.

Төвөөс  зугтаах гэдэг нь бид Зөвлөлт Оросоос хараат байдалтай явж ирсэн. Өөрийн бие даасан байдлаа илэрхийлэх, хэнээс ч хараат бусаар төр улс, зохион байгуулалтаа хйие гэдэг тэр хүсэл эрмэлзлэл нь төвөөс зугтаах хүч болж хувираад үүндээ хөтлөгдсөн байж болзошгүй гэж үзсэн юм байна.

Хуучин социалист гэгдэж байсан 27 орны 10 орон нь ерөнхийдөө парламентаризмыг сонгосон байгаа юм. 10 ямар орнууд парламентаризмыг сонгосон бэ гэдгийг дотор нь задлаад харах юм бол ер нь өөрийгөө нилээн дарлалд байсан гэж мэдрэх мэдрэмжтэй орнууд нь тийм юмыг сонгосон байгаа юм. Тийм учраас төвөөс зугтаах хүч үйлчилсэн байж магадгүй гэж энэ эрдэмтэн хэлсэн байдаг. Ганц Оросын эрдэмтэн энэ талаар судалгаа хийгээгүй. Америкын эрдэмтэн Steven Fish гэж хүний “Азид болж байгаа гаж үзэгдэл буюу Монголын ардчилал” гэсэн судалгаа байгаа. Монголын Ардчилалыг бол Азид болж байгаа гаж үзэгдэл шахуу гэж томъёолсон байгаа юм. Энэ бүтээлдээ юу гэж хэлсэн байна вэ гэхээр 1992 оны Үндсэн Хуулиар Ерөнхийлөгч нь илүү бэлэг тэмдгийн чанартай болсон бөгөөд ерөнхийдөө төвөөс зугтаах хүч үйлчилсэн ийм Үндсэн хууль баталсан. Энэ төвөөс зугтаах хүч үйлчилсэн үндсэн хууль нь Үндсэн Хуулиар байгуулагдсан төрийн эрх мэдлийн институциуд хоорондоо бие биенийгээ шатаах тоглоомоор тоглож эхэлсэн гэдгийг дурьдсан. Өөрсдийх нь хэлж байгаа нь “Төрийг шатаах тоглоом”-д Монголчууд орсон байна гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг юм. Энэ дүгнэлтийг хийхийн тулд Ю.Цэдэнбол дарга, Н.Багабанди Ерөнхийлөгчийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг 7 удаа буцааж байсан бүх нотолгоо баримтыг тэрэнд нь дурдаж хийсэн байна лээ. Тэгэхээр гадны судлаач эрдэмтэд манай 1992 оны Үндсэн Хуулийг ингэж харж байгаа юм байна гэдгийг би бас та бүхэнд толилуулчихад гэмгүй байхаа гэж бодлоо.

Үндсэн Хуулийн эрх мэдлийн институциуд хоорондоо үзэлцээд асуудлаа шийдэж чадахгүй байгаа зүйл бол ерөөсөө Үндсэн Хуулийн хямрал гэдэг ойлголтонд оруулах ёстой юм байна. Бид нар яахав дургүй учраас хэлэхгүй байгаа болохоос биш үнэн хэрэг дээрээ бид нар Үндсэн Хуулийн хямралыг их олон удаа амсаж байгаа ард түмэн, өнгөрсөн 24 жилийн турш үзэж байгаа ард түмэн. Өмнө яригдсан 15 Засгийн газар, ерөнхий сайд томилогдож байгаа, 2 жил хүрэхгүй настай ийм Засгийн газар явж байна гэдэг бол хямралын нэг шинж тэмдэг.

Манай Үндсэн Хууль баталснаас хойш дэлхийн түүхэнд тэмдэглэгдэж бичигдэхээр  тоймтой хямралуудын тухай асуудлыг он оны дараалалд оруулаад бичсэн. Европын орнууд ч гэсэн Үндсэн Хуулийн хямралтай байдаг. Америкууд хямралтай байдаг. Тухайн тухайн үедээ зохицуулалтаа хийгээд явсан байдаг юм байна лээ. Тийм учраас юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө Үндсэн Хуулийн хямрал гэдэгбол би бол хэвийн үзэгдэл гэж харах гээд байгаа юм.

Үүнд айж эмзэглээд байх юм байхгүй. Харин засвар хийхгүй байгаа нь гамшиг болно гэж хэлэх гээд байгаа юм. Энэ зураг дээр юу гэж байна вэ гэхээр энэ удаагийн үндсэн хуулийн хямралыг дараагийн бүр илүү муу Үндсэн Хуулийн хямрал ирэх хүртэл хойшлуулчихая гэж, ухаандаа тийм маягаар бид нар хорин хэдэн жил яваад ирсэн байж магадгүй юм байна. Тийм учраас энэ байдалд сэтгэлгээндээ бид нар өөрчлөлт оруулах хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм.

Үндсэн хуулийн асуудлын цоож гэж асуудлыг бас ярих нь зөв байх гэж бодож байна. Манайд Үндсэн Хуулиндаа гар хүрээд байх вий, буруу зөв юм болоод байх вий гээд  саналын өндөр хувиар Үндсэн Хуулийг баталдаг цоож тавьсан.  Дараа нь 1992 оны Үндсэн Хууль өөрчлөгдөх ёстой гэж ярихад хүмүүс сандралдаад Үндсэн Хуулид гар хүрэх нь гээд цоожоо нэмсэн асуудлууд бий.

Асуудлын гол нь олон намууд бид нар өөрсдөө цоож болчихсон. Үндсэн Хуулийн асуудлаар өнөөдөр намууд бид нар Их Хуралд сууж байгаа намууд бүгдээрээ л нэгдмэл ойлголттой байхгүй бол бид нарын өнөөдөр өөрийнхөө Үндсэн Хуулийн цоожийг онгойлгож дийлэхээ байсан. Хамгийн том түлхүүр нь Ардчилсан нам, дараачийн түлхүүр нь Ардын нам байж магадгүй, тэгээд бусад намууд нь байх.

Бид нар өнөөдөр ярьж байна. Үндсэн Хуулиа өөрчлөх үү, шинэчлэх үү, өөрчлөлт оруулах уу гээд ярьж байна. Гэтэл цоожтой байгаа. Цоожоо давах асуудал бол бид нар ойлголцлоо жигд, нэг явуулах асуудал юм. Тийм учраас өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа гэж бодож байна.

Ер нь бол хаана их сонирхлын бүлэг байна тэнд үйлдвэржсэн хөгжсөн орон байдаг.  Яагаад гэхээр үйлдвэр гэдэг бол маш олон салбар чиглэлтэй, маш олон шинжлэх ухааны чиглэлтэй. Тэр утгаараа илүү их сонирхлын бүлэгтэй байдаг. Тэгвэл үйлдвэржих хэмжээгээр, улс орон хөгжих хэмжээгээр парламентаризм өөрөө хэрэгцээ болж гарч ирдэг.

Тийм учраас үйлдвэржсэн байдал сонирхлын бүлэг  хоёр шууд хамааралтай бөгөөд сонирхлын бүлэг олон байх тусам парламентаризм илүү чухал ач холбогдолтой болж ирдэг. Монгол хэрэндээ гайгүй үйлдвэржсэн орон мөн. Гэтэл өнөөдрийн манай монголд байгаа улс төрийн намууд бол төрийн алба горилогчдын баг,  зохион байгуулалт. Төрийн алба “Office seeker’s Party” гэж англи дээрээ байдаг юм. Ийм зохион байгуулалтанд байгаа намтай байхад өнөөдөр манайд сонирхлыг төлөөлнө гэдэг хэцүү болж байгаа юм.  УИХ-ын 76 гишүүнийн тухайд,  хот, хөдөө гэж ялгавал, хэрвээ аж үйлдвэр хөдөө аж ахуй гэж ялгах юм бол  үндсэндээ 76-уулаа “хөдөө”-ийн сонирхлыг төлөөлөгч. 76 Их Хурлын гишүүн олон түмэнтэйгээ очоод, сонгогчдоос санал авахын тулд юу хэлдэг вэ гэвэл цахилгаан шугам татаж өгье, цэцэрлэг ясли барьж өгье, нэг жижигхэн зам тавьж өгье өөр юу гэдэг юм тийм л юм ярина. Тэгээд УИХ-д тэрийгээ л төлөвлөнө. Яг тэр утгаараа бол хөдөөгийн 50 гишүүн, одоо яг хөдөө нутгаас сонгогдсон, орон нутгаас сонгогдсон 50 гишүүн, Улаанбаатрын 25 гишүүд бүгдээрээ адилхан. Томоор нь авч үзэх юм бол бүгдээрээ хөдөөгийн сонирхол төлөөлөгчид. Тийм ч учраас хот болоод үйлдвэржилтийн бодлого Их Хурал дээр батлагдах ямар ч магадлал байхгүй. Ямар ч үндэс байхгүй. Энийг хэн санаа зовж хийх газар байхгүй. Тийм ч учраас 24 жилийн турш, Үндсэн Хуулиас хойш үйлдвэржилтийн бодлогогүй явсан байна гэхэд болохоор байна.

Энэ бол нэг болон хоёр танхимтай парламентийн дэлхийн газрын зураг. Цэнхэр өнгөтэй улсууд хоёр танхимтай парламент, улбар шар өнгөтэй улсууд нь нэг танхимтай парламент бүхий улсууд байна. Ертөнцийн газрын зургаас бид хаана явж байгаагаа харж болохоор байна. Европын нэлээд хэдэн орон сүүлийн 10 жилийн хугацаанд нэг танхимтай парламент руу шилжсэн байдаг.  Гэхдээ Европын улсуудын дээр Евро парламент байдаг учраас манайхаас өөр юм.

Черчиллийн үгийг би болон дахин хэлдэг. Түүний 1947.11.10-нд доод танхимдаа хэлсэн энэ үгийг манайхан “Ардчилал бол адгийн засаглал” гэж хэлдэг.  Яагаад ингэж хэлэх болов гэхээр “Английн хоёр танхимтай парламентийг нэг танхимтай парламент болгохоор доод танхим нь хүссэн байгаа юм. Үүнийг нь эсэргүүцэж  Ардчилал бол адгийн засаглал гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийн санаа нь “Цор ганц танхимтай парламент юу болж хувирдаг вэ гэдгийг Черчилл дурьдсан юм. Тэр нь юу гэхээр нэг танхимтай парламентад

·    Хяналтгүй төр үүсдэг
·    Үндсэн хуулийн харилцан хяналт, тэнцвэрийг алдуулдаг
·    Төр болон төрийн институцид олон түмний итгэх итгэлийг алдагдуулдаг
·    Төрийн дээр нам гарах нөхцлийг бий болгодог
·    Супер төлөвлөгч, супер хүмүүс бий болж олон түмний эрх чөлөөнд дайсагнах аюултай

Бид Черчиллийн энэ санааг ойлгоогүй, Ардчилал бол адгийн засаглал гэдэг. Үнэн хэрэгтээ нэг танхимтай парламент асар хортой шүү гэдгийг хэлсэн юм.

Миний хувийн бодол гэвэл Монгол Улс хоёр танхимтай парламенттай  байх нь гарцаагүй юм.  Харин дээд танхим гээд хуучин АИХ-ыг сангалзвал буруу болох байх. АИХ нь 400 орчим хүнтэй болно гэвэл хуучин Зөвлөлтийн засаглал болчих байх.  Харин Улсын бага хуралдай нь цөөхөн гишүүнтэй, хууль тогтоох эрх мэдэлтэй, үүнийг нь хянадаг тогтолцоо буюу төрийн дээд эрх мэдлийг Үндэсний Их Хуралдай дээр хадгалагддаг байвал яасан юм бэ гэсэн саналтай байгаа юм. Үүний давуу тал нь Үндэсний Их Хуралдай нь сонгогдсон болон томилогдсон гишүүдээс бүрдэнэ.

Томилогдсон гишүүд гэдэгт тухайлбал:

•    ИТХ-ын дарга нар
•    ҮЭ-ийн Ерөнхийлөгч
•    МХАҮТ-ын дарга
•    ШУА-Ерөнхийлөгч,
•    ҮИС-ын захиралууд,
•    Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,
•    Эрдэмтэн мэргэд
•    Хүндэт иргэд

Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентийн засаглал уу?  гэдэг яриа  их утга муутай яриа гэж боддог. Харин Ерөнхийлөгчтөө ямар эрх мэдэл өгөх вэ? Хаана байрлуулах вэ гэдэг л юм. Бид Ерөнхийлөгчийн “Төрийг сулруулах билэг тэмдэг болгосон”. Харин “Төрийг бэхжүүлэх институци” болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалд хамруулах хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчөө Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан хуралдаанаас сонгох нь зөв.  Энэ нь Хүчтэй Ерөнхийлөгч бий болгох мэт харагдавч үнэн хэрэгтээ парламентийн засаглалыг бэхжүүлж байгаа хэрэг юм.

Төрийн эрх мэдлийг хуваарилдаг сонгодог онол бол энэ. Тайвань гэх мэт орнуудад өөр сонирхолтой хуваарилалт байдаг.

Миний нүдэнд манай Үндсэн хуулиар олгосон төрийн эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржилт, хяналтаа алдчихсан, ийм байдалтай харагдаж байна.

Үүнийг сонгодог хэлбэр буюу Гүйцэтгэх-Шүүх-Хууль тогтоох хэлбэрт нь оруулж цэгцлэх хэрэгтэй.  Хууль тогтоох эрх мэдэл нь хоёр танхимтай парламент байх, Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах,  Цэц нь Шүүх эрх мэдэлд хамаарах байдлаар хуваарилвал зөв болов уу гэсэн санааг та бүхэнтэй хуваалцаж байгаа юм.

Эцэст нь миний хэлэх гол санаа бол “Үндсэн хуулиас Их засаг руу шилжие” гэсэн санаа юм.  Бид өөрсдийгөө таниагүй цаг үе байсан нь үнэн. Парламентийн засаглалыг улам бэхжүүлэх шаардлагатай, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчөө хүчтэй болгох хэрэгтэй юм. 

Одоо өөрийн онцлогтоо тохирсон Засаглалыг  Монгол ухаанаар бүтээх цаг нь болжээ.  Монголчууд өөрсдөө Үндсэн хуулиа хий цаг болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж