-Нэр дэвшигч хэн байлаа ч НҮБ-ын ЕНБД-аар хэн ажиллахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болох Их Британи, Хятад, Франц, ОХУ болон АНУ шийднэ-
2016 онд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль одооноос ажиглагчдын анхаарлыг татаж байна. Хэдийгээр бараг жил хагасын зай байгаа ч дараагийн ЕНБД-д нэр дэвшүүлэх хүмүүсийн таамаг гараад байгаа. Сонирхолтой 2016 оны сунгаанд оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтын ихэнхийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Нэр дэвшигч хэн байлаа ч НҮБ-ын ЕНБД-аар хэн ажиллахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болох Их Британи, Хятад, Франц, ОХУ болон АНУ шийднэ. “Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн ЕНБД-ыг сонгоход маш их нөлөөтэй. Тэдний аль нэг нь л хориг тавихад л нэр дэвшигч сонгогдож чадахгүй” хэмээн Энэтхэгийн улстөрч Шаши Тарур “Гадаад бодлого” сэтгүүлийн сурвалжлагчид ярьжээ.
Шаши Тарур 2006 онд ЕНБД-д нэр дэвшигчийн нэг байсан бөгөөд АНУ-ын тавьсан хориг түүнийг унагаж оронд нь дипломатын зиндаа доогуур Өмнөд Солонгосын Худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Бан Ги Мун сонгогдсон билээ. Тухайн үед Шаши Тарурыг унагасан гол хүн болох АНУ-ын НҮБ дэх Элчин сайд Жон Болтон сүүлд дурсамж номондоо “Энэтхэгийн нэр дэвшигчийг унагасан нь жижиг улсаас ЕНБД дарга сонгогдох ёстой гэсэн НҮБ-ын бичигдээгүй дүрмийг зөрчсөн билээ” хэмээн бичсэн байдаг. Мөн тэрбээр дурсамждаа тухайн үеийн АНУ-ын Төрийн бичгийн дарга Кондолиза Райс “Бид хүчтэй ЕНБД-ыг хүсч байгаа гэдэгт итгэлгүй байна” хэмээн хэлж байсныг бас бичжээ.
НҮБ-ын дүрэмд ЕНБД-ыг сонгох асуудлыг 97 дугаар зүйлээр зохицуулсан байдаг бөгөөд тэнд “ЕНБД-ыг Аюулгүй зөвлөлийн санал болгосноор Ерөнхий чуулган томилно” хэмээн заасан байдаг. Гэсэн ч амьдрал дээр ЕНБД-ыг таван бүс нутгийн төлөөлөл болгон сонгож ирсэн уламжлалтай. Баруун Европ болон бусад, Зүүн Европ, Латин Америк болон Карибийн тэнгисийн орнууд, Ази, Номхон далайн орнууд, Африкийн орнууд гэсэн бүс нутгаас сонгогдож иржээ. Өнөөдрийн байдлаар Зүүн Европын бүс бол ЕНБД гаргаж чадаагүй ганц бүс нутаг юм. Тийм учраас Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте хамгийн боломжит кандидатаар нэрлэгдээд байгаа.
НҮБ-ын ЕНБД-ыг ардчилсан замаар сонгож чадахгүй байгаа тухай олон хүн шүүмжлэн ярьсаар ирсэн. 2006 онд Бан Ги Мун хүлээн зөвшөөрөгдөхөөр дэлхийн улс орнуудаар их аялсан ч эцсийн мөчид АНУ-ын Жон Болтон, Хятадын Ван Гуанъя хоёрын хаалттай уулзалт л асуудлыг шийдсэн гэдэг.
Зүүн Европын бүсээс дээр дурдсан Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайтегаас гадна хоёр болгар эмэгтэйн нэр хүчтэй яригдаж байна. Эдгээр нь ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал Ирина Бокова, Дэлхийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Кристалина Ивановна Георгиева нар юм. Мөн хоёр словакийн нэр сонсогдож байна. Одоо Словакийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа Мирослав Лайчак, Словакийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад одоо НҮБ-ын Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Данило Тюрк нар юм. Мөн Словенийн Ерөнхийлөгч асан Вук Еремичийн нэр бас дурдагдаж байна.
Гэсэн ч Украины асуудлаар хоёр хуваагдчаад байгаа Аюулгүйн зөвлөлийн гишүүд Зүүн Европын нэр дэвшигчийн ирээдүйг бүдгэрүүлж байгаа учраас таамагд өөр бүс нутгийн нэр дэвшигчдийн нэрсийг гарган тавих боллоо. “Зүүн Европын аль ч нэр дэвшигч нэг бол ОХУ-д хэтэрхий ойр, эсвэл Баруунд хэтэрхий ойр байх нь тодорхой” хэмээн НҮБ-ын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн өндөр тушаалын хүн “Гадаад бодлого” сэтгүүлд ярьсан байна.
Бусад бүс нутгаас Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк, Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд нарын нэр сонсогдож эхэллээ. Гэвч энэ хоёрын эсрэг 1980 оноос хойш ЕНБД /энэ бүсээс Австрийн Курт Вайлдхам хоёр бүрэн эрхийн хугацаагаар ажилласан/ төрүүлээгүй Баруун Европын бүс нутаг нэр дэвшигчээ сөргүүлэн гаргах магадлал өндөр байгаа юм.
Хелен Кларк 2016 онд ЕНБД-ын албан тушаалыг авах магадлал өндөр гэж зарим ажиглагч хэлж байгаа. “НҮБ эмэгтэй ЕНБД-тай болох цаг болсон. Хэрвээ Кларк ЕНБД-аар сонгогдвол Шинэ Зеланд улс маш их бахархах болно” хэмээн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки ярьжээ.
Гэвч Баруун Европын бүсээс дутахааргүй Латин Америкийн бүс өрсөлдөх магадлал бас өндөр. Энэ бүс нутгаас Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет нар өндөр шаанстай. Гэсэн НҮБ-ын түүхэнд аль нэг улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ЕНБД-аар сонгогдож байсан уламжлал байхгүй.
Д.НАРАНТУЯА