Гадаад Монголд зочилсон дэд Ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Гадаад Монголд зочилсон дэд Ерөнхийлөгч

Монгол улсад хамгийн анхны хөрөнгөтөн орны төлөөлөгч морилон саатсан нь 1944 он аж. Энэ тухай түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльс 1944 оны 7 дугаар сарын эхээр Хятад улсад айлчлаад буцах замдаа Улаанбаатарт бууж хоёр хоног зочилсон нь манай улсын анхны ерөнхийлөгчийн зэрэглэлтэй зочин болжээ. “Дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлт-Хятадын харилцааг сайн мэддэг бөгөөд мөн монгол хэлээр ярьдаг  Америкийн хятадач Овэн Латтимор, орос хэлтэй эдийн засагч Жон Хазард, төрийн департаментын Хятадын мэргэжилтэн Картер Мисэнт нар дагалдсанаас үзэхэд дээгүүр түвшний төлөөлөл байсан бололтой” хэмээн Баабарын “Монгол, монголчууд, Монгол орон” номонд дурьдсан нь бий. Долоодугаар сарын хоёронд  дэд ерөнхийлөгчийг онгоцноос буухад маршал Х.Чойбалсан өөрийн биеэр угтаж авсан байна. Энэ бол оноос 1911 оноос хойш Монголын түүхэнд ийм дээд зэрэглэлийн зочин ирсэн анхны тохиолдол болсон юм. Тэрхүү хүндэт зочинд үйлчлэхдээ ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбууг хотын дарга болгож, Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Дамбыг албан ёсны үйлчлэгчээр, эрдэмтэн Б.Рэнчинг орчуулагчаар ажиллуулсан байна. Мөн Дотоод Явдлын  яамны ажилтнуудаас дүрэмт хувцас өмсгөн хамгаалагчаар ажиллуулжээ. Дэд Ерөнхийлөгчийг Нүхтийн амралтын хоёр давхар дүнзэн байшин, дэргэд нь барьсан 12 ханатай Монгол гэрт байрлуулж, хамгаалж, Ю.Цэдэнбал даргын Зис 101 машинаар хангасан байдаг. Г.А.Уэльс өдрийн цагт гэрт, шөнө байшинд хоноглож Гандан хийд, Биокомбинат, Улсын их сургуульд зочилж,  хоёр ширхэг микроскоп бэлэглэж, орой нь Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжиг үзсэн байна. ЗХУ, Хятадтай хөрш зэргэлдээ орших Төв Азийн Монгол хэмээх улс болоод тэдгээр улсуудын харилцааг ихэд сонирхож байсан Америкийн тал болоод дэд ерөнхийлөгчийн хувьд цаг агаар муудан нэг хойшилсон нь Гандантэгчилэн хийдийг үзэх боломжийг олгожээ. Онгоцондоо суун хөөрсөн ч Эрхүүгийн цаг агаарын байдлаас буцан ирэн Гандан хийдийг дахин үзсэн гэж өөр эх сурвалжид дурьджээ. Социалист системтэй улсын хийдэд хурал ном хурж байгаа нь бэлтгэсэн жүжиг эсэхийг дахин үзсэн хэмээн “Монгол, монголчууд, Монгол орон” номонд бичжээ. Юутай ч бэлтгэсэн жүжиг биш байсныг тэрээр мэдсэн нь өөр сэтгэгдэл үлдээсэн биз. Г.А.Уэльсийг явах замын дагуу болон очих газруудад нь хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргаж,  шөнийн цагт байрных нь гадна талд аюулаас хамгаалах газрын офицеруудыг автомат буугаар зэвсэглэн хамгаалуулсан байна. Энэ айлчлалын үеэр Монголд амьдарч байсан оросуудыг хоёр хоног хотоос гадагш амралтын маягаар байлгасан нь Оросын колони мэтээр улсаа харагдуулахгүй гэсэн арга байжээ.

Айлчлалынхаа хожим Дэд Ерөнхийлөгчөөс Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Т.Рузвэльтэд бичсэн тайландаа “Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа мундахгүй байна. Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй зүйл боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл. Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” гэж бичжээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн энэхүү тайлан Монгол Улсын статусыг хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргахад АНУ, Англи улсуудад тодорхой нөлөө үзүүлсэн бөгөөд төрийн тусгай хамгаалалт, үйлчилгээ өөрийн улсын нүүр царай болж, гадны зочид төлөөлөгчдөд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэгийн нэг баталгаа юм. Үүнд манай ажилтнуудын байдал, төрх, үйл ажиллагаа тодорхой нөлөөлсөн гэж үзэж болох юм” хэмээн  Төрийн тусгай хамгаалалтын түүхэнд бичигдэн үлджээ. Г.А.Уэльс  дурсамжиндаа “Ерөнхийлөгч намайг Овэн Латтиморыг дагуулж явахыг ятгаад түүнийг Хятад Оросын харилцааны талаарх дэлхийн хамгийн том мэргэжилтэн гэлээ. Хэдэн зуун жилээр тогтож ирсэн Орос-Хятадын хилийн нөхцөл байдлын талаар үнэхээр гайхаж байгаагаа Рузвэльт ярив. Тэрээр намайг хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд хилийн хоёр талаар яажшуухан амьдарч байгааг нарийвчлан ажиглаад ирээдүйд Орос-Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд үүнийг яаж зөөлрүүлэх боломж буйг судлаарай гэж захив. Хятадын коммунистуудтай тухайлан уулзах ахул энэхүү онцгой айлчлалын чухал ач холбогдол багасах тул генералисимуссас асуух нь зөв…” хэмээн бичсэн байна. Америкийн Нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчтэй хамт манай улсад тухайн үед айлчилсан Овэн Латтимор Америкийн засаг захиргаанд манай улсын талаарх нааштай ойлголтыг төрүүлэхэд ихэд нөлөөлсөн гэдэг. Тэрээр энэхүү айчлалынхаа дараа 1947 онд маршал Х.Чойбалсангаас манай улсад эхнэр хүүгийн хамт ирэх хүсэлтээ илэрхийлж байжээ. Тухай үедээ түүний хүсэл биелэгдээгүй ч 1961 онд хүслээ биелүүлж чадсан байна. Тэрээр олон жилийн турш Олон улсын Монгол судлалын холбоог тэргүүлж байгаад насан өөд болжээ.

А.НИНЖИН

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж