Люмпэнжсэн төр өөрчлөгдсөн үү?

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Люмпэнжсэн төр өөрчлөгдсөн үү?

….Люмпэнгүүдийн ясны зан бол хээвнэг урваж шарвах явдал юм. Тэдэнд байгалиас зарчим жудаг заяагаагүй учраас ийм байдаг. Түүгээр барахгүй урвах бол люмпэнгийн хувьд эрх мэдэл, эд хөрөнгө олж авах бизнес юм. Өнөөдөр манайд, сэтгэлд нь нийцэхүйц албан тушаал хөрөнгө мөнгө амлавал баргийн эр үзлээсээ, нөхдөөсөө, бүлгээсээ, фракцаасаа, намаасаа урвах нь бүр ёс болсон. Урвасан бусдыгаа муугаар нь дуудаж явсан нөхөр цаг нь болохоор өөрөө жишим ч үгүй урвана. Хажуудах чинь урваж мэднэ шүү гэдэг афоризм өнөө цагийн үг мөн…

Одоогийн хотын мэр Э.Бат-Үүл “Люмпэнжсэн төрийн балаг” нэртэй нийтлэлдээ ингэж бичиж байв. Тэр үеэс хойш арваад жил өнгөрчээ. 

 

 

Өндөр шилэн байшингууд сүндэрлэж, өрнө дорны машин хөлхөлдөж, утас “ухаажин”, хүн “жиргэдэг” болж, нийгэм өөрчлөгдсөн ч өнөөгийн улс төр арван жилийн өмнөхөөс ялгарах юмгүй яг  хэвээрээ байна.

Хоёр жилийн өмнө ялалтын хундага тулгаж явсан АН-ынхан хэдхэн хоногийн өмнө Н.Алтанхуягаасаа Ерөнхий сайдын болон намын тамгаа салгах гэж яаж урвасныг өнөөдөр дахин нурших нь төвөг биз.  Эдийн засгийн хямрал, “Эзэн-100”, Н.Энхбаяртай хийсэн гэрээ зэргээр шалтаглаж, Н.Алтанхуягаа унагасан АН-ынхны эцсийн шалтгаан нь ердөө эрх мэдэл, сандал суудал байсан.

Тамга тэмдгийн төлөө намаа хавханд хийчихэж байгаа нөхөд “Улс орныхоо эрх ашгийн үүднээс” гэж хэчнээн уран гоёор донгодлоо ч  ямар тэнэг нь итгэх билээ. Хэн ч үүнд үнэмших вэ дээ. Үнэндээ бол намаас, нам дамжин  урваж, шарваж явдаг нөхдүүд Л.Цог, Д.Арвин, Д.Батцогт мэтээс авахуулаад цөөнгүй бий.

Хоёр гурван нам сэлгэж, хоёр гурваар тогтохгүй үнэмлэх өвөртөлчихсөн нөхөд АН-д ч бий, МАН-д ч бий. МАХН бол тэртээ тэргүй хогийн сав. Гомдогсод, гологдогсдоор дүүрсэн улс төрийн “хорт хавдар”.

Одоо урвагчидтайгаа, "угаагчидтайгаа", люмпэнгүүдтэйгээ ингээд яваад байх уу.  Мөнгө, улс төр хоёрыг ялгаж зааглаагүй цагт “Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвагнадаг” улстөрчдөөр дүүрсэн Монголын төр люмпэнгүүдээсээ салтлаа өдий.

Улсын мөнгийг идэж, уух, ах дүү хамаатан саднаараа хүртэх, төрийн өмчийг эзэнгүйдүүлэх нь Монголд байдаг үзэгдэл болсон. Энэ бол люмпэнгүүдийн төрөлхийн зан гэдгийг ч Э.Бат-Үүлийг арван жилийн өмнөх алдарт нийтлэлээс харж болохоор. Гэхдээ ийм л байсан, цаашид ч ийм байна гэж бодож байгаа бол ард түмэн бидэндч бас асуудал үүсчээ гэсэн үг.

Халамжийн газрын даргыг мөнгө идсэн хэргээр хууль хяналтынхан саатуулжээ. Төрсөн дүү нарынхаа компаниар дамжуулан улсын мөнгийг угаасан байж болзошгүй гэнэ. “Цагаан захтнуудтай” холбоотой сүүлийн үеийн дуулиант мэдээний нэг. Гэхдээ хамгийн харамсмаар нь цагаан захтнуудын хэрэг илрэх тусам олон нийт ч цочирдон хүлээн авахаа больж. Магадгүй иргэд ингэж хүлээж авах болсон нь угаасаа л манай дарга нар "махчид" гэдэгтэй эвлэрснийх гэхэд эмзэглэл төрмөөр. 

Эхнэрийнхээ дансаар олон тэрбумыг угаах, нууц амрагийнхаа дансанд сая, сая доллар нуух, эгчтэйгээ эсвэл ах дүүтэйгээ нийлж төсвийн мөнгийг шамшигдуулах, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулах гээд Монголын төр яг л галзуучуудын эмнэлэг шиг болсон байна.

Ц.Нямдорж, Н.Энхбаярыг хоёрыг хар л даа. Монголын төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашиж явсан тэд өнөөдөр телевизийн дурангийн өмнө захын чавганцаас дор чалчиж байгааг.  “Би  Нямдоржийг дуудаж уулзаад, “Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түдгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” гэж нэг нь авах юмгүй хог ярьж л суудаг. Нөгөөх нь ч “Н.Энхбаяртай аягүй гоё найзууд байсан. Тэгсэн Энхбаяр Энхсайхантай найзлаад байхаар нь дургүй хүрээд больчихсон” гэж ирээд л тэнэглэж байдаг. Яасан ичдэггүй, ямар таар шуудайнууд гэхээрээ ингэж муу, муухайгаа айж эмээхгүйгээр дэлгэж суудаг байна аа. Монголын ард түмэнд тэдний хэрүүлийг сонсч бухимдахаас илүү олон асуудал толгойг нь зовоож байхад, бодлого ярих ёстой улстөрчид хээв нэг "хов базаад" хоёр биенээ гутааж л суудаг.  Цэнэг нь дууссан, шахаад ч нэмэргүй энэ мэт  "чалх дутахын битүү шаналантай /Э.Бат-Үүл/" нөхдүүдийг тэтгэвэрт нь суулгах нь сонгогч биднээс л шалтгаалах юм.

Э.Бат-Үүлийн “Люмпэнжсэн төрийн балаг” нийтлэлд “Ичгүүргүй байх нь оновчтой хамгаалалт мөн гэдэг люмпэн улстөрчдийн үг бий. Үүнийг мэддэг төрийн томчуул манайд цөөнгүй бий болжээ. Нэн ялангуяа сайд болсон зарим компанийн захирал асангууд үзүүлээд өгнө. Тэд, телевизийн дурангийн өмнө бие биенийхээ хийсэн хэргийг бичиг баримтаар дэлгэн хэрэлдэх, гадаадын парламентын хулхи гишүүнийг зугаацуулан онгоц унагах, гадаадад байгаа эхнэрийнхээ нэр дээр төсвийн мөнгө шилжүүлэн баригдах, үйлдвэрийн ажил хариуцах атлаа концерт зохион байгуулснаа дамлан наймаалах, гамшгаас хамгаалах ёстой нь гамшигт нэрвэгдүүлэх зэргээр шившгээ хутгана” гэсэн байдаг.

Тиймээ,шившгээ хутгаж, шившигээ дэлгэх. Манай улс төр тэр чигээрээ шившиг юм чинь, үүнээс өөр дэлгэх, ярих юм тэдэнд бий гэж үү.

Төрийн мөнгөөр тансаглаж, хувьдаа компани байгуулж, сая, саяар нь “бэлгэвч” шахаж, тэрбумаар нууц амрагаа баярлуулж, нууц мөнгөө эхнэрийнхээ дансаар угааж, улсын байшин үнэгүй авч, яг үнэндээ өнөөдөр люмпэнжсэн төрийн балаг 10 жилийн өмнөхөөс илүү аймаар, илүү эрээ цээргүй болжээ. Энэ нь улс төрийг магадгүй эрүүл, цэвэр цусаар сэлбэх хэрэгтэй болсны илрэл байх. Эс бөгөөс  улсаараа шившигээ дэлгэх нь дэлгээд, хутгах нь хутгаад галзуу хүмүүс шиг амьдрах уу.?

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж