Энэ өдөр аймгийн төвд зохион байгуулах ажлыг урьдчилан сайтар төлөвлөж байгууллага, иргэдэд мэдээлэл хүргэсэн, тарих мод, бутыг нь захиалгын дагуу авч өгсөн хуулийн дагуу байгууллага, иргэн бүр тодорхой хэмжээний мод тарих үүргээ хэрэгжүүлээгүй бол нөхөн талбөрийг ойн санд оруулах журмыг танилцуулж өргөнөөр оролцохыг уриалсан. Энэ мэтээр Булган сумын Засаг даргын тамгын газраас бэлтгэл хангуулахаар хийсэн ажил их. Өөр нэг гол ажил гэвэл хаана, аль байгууллагаар ямар төрлийн модыг хэдий хэмжээгээр тариулах хуваарийг нарийвчлан гаргасан байна.
Хурандаа Д.Отгонбаатар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудаа дагуулан Булган хотын төв цэцэрлэгийн дээд хэсэг дэх аваргуудын цогцолборын ойролцоо хамгийн түрүүнд хүрч очсонтой тааралдав.. Хэсэг хугацааны дараа очиход аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа зарим мэргэжлтнүүдтэйгээ нүх ухаж, мөн аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн хөнгөн нимгэн хувцас өмчихсөн ажиллтнуудтай ажиллаж байлаа. Энэ орчимд бүгд л хуулийн байгууллагынхан иржээ. Тэд зуун нүхийг хөлс чийхрүүлэн байж ухаад түүндээ зуун тарьц суулгаж усалцгаасан байна. Хууль зүйн яам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан тэд нарын тарьсан модны нь нэрийг Агч хэмээх аж Яагаад энэ модыг сонгон авсныг сонирхвол Канадчууд улсын төрийн далбаан дээрээ дээдлэн залсан байдаг гэнэ. Улс орондоо төрт ёсыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл тэмүүлэл нэгтэй ажилладаг хуулийн байгууллагынхан нэгэн улс орны төрийн далбаан дээрх модыг сонгон авсан нь санаандгүй ч биш юм байна.
-Монгол улсын Хууль зүйн яам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж аймгийн хуулийн байгууллагуудаас тарьсан 100 модны төгөл гэсэн хаяг хийлгэж байрлуулна. Суулгасан мод бүхнээ ургуулахын төлөө ажиллана хэмээн аймгийн хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа өгүүлэв.
“Болдоггүй бор өвгөн” хэмээх нэгэн үлгэр байдгийг бид мэднэ. Булган сумын зургадугаар багийн зарим ахмадыг зүгээр суудаггүй үлгэрийн тэр өвгөнтэй зүйрлэн “Болдоггүй бор хөгшид” гэлтэй. Багийнхаа хүүхдүүдэд зориулан тоглоомын талбай байгуулах санаачилга гаргажээ. Тэгээд багийнхаа иргэдийн хурлаар хэлэлцүүлэн төсөл бичиж багийнхаа иргэдийн нийтийн хурлын болон Засаг дарга нараар дэмжүүлэн “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд уламжлуулж тодорхой хэмжээний дэмжлэг авчээ. Түүндээ багийнхаа зарим айл өрх, ард иргэдийн оролцоотойгоор хандив хуримтлуулан тухлан сууж хөгжилдөх сүүдрэвч, тоглож наадах сагсны самбар, шулгуур, дүүжин даажин, дамнуурга, элс зэрэгтэй хүүхдийн тоглоомын талбай байгуулсан бол Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулсан энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр мөн зүгээр байсангүй. Тэд нөгөө талбайдаа мод тарьж ургуулах санаачилга гаргасан байна. Сумын удирдлагууд ч “Болдоггүй бор хөгшид”-ийн санаачилгыг дэмжин 50 гаруй хайлаас олгосон байна. Үүнд урамшсан тэд дор бүрнээ хөдөлжээ. Нэг л мэдэхэд нүхээ ухаад дуусав. Авчирсан суулагцуудаа тарилаа. Хорооны нь морин тэрэгтэй усчин үе үе усалж байхаа амласан гэнэ. Ингээд настангуудын тарьсан мод мөдхөн нахиалж жилээс жилд өндөрсөн ургах болно.
“Мод тарих үндэсний өдөр”-йин өмнөх өдөр Булган сумын нэг, зургадугаар цэцэрлэгийн ойролцоо “Хас” банкны захирал Мөнхболд ажилтнуудтайгаа нүх ухаж байхтай тааралдаад байгууллагынхаа хашаанд тарихгүй яасан юм бол гэх сэтгэл төрж билээ. Тус банкныхан хүүхэд багачуудад зориулсан олон сайхан санаачилга гаргаж ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулдаг уламжлалтай. Тийм ч учраас аймгийн хүүхдийн төлөө хэлтэс энэ хамт олныг “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар тодруулан өргөөмжлөл шагнал олгосон байна. Тэд шагнал аваад санаа амарсангүй. Энэ жил дээрх хоёр цэцэрлэгийн орчинг ногоон байгууламж болгоход дэмжлэг үзүүлэхээр гоёл чимэглэлийн агч мод тарихаар шийдвэрлэсэн нь энэ ажээ. Чулуутай хатуу газар таарсан ч хичээж шамдсаар 100 нүх ухаж захиалан авсан модоо тарьсан, бас мал идэхээс хамгаалан хашаа барьсан байна. Хүүхэд багачуудад зориулсан энэ ногоон байгууламжаа “Хас төгөл” хэмээн нэрлэлээ.
Аймгийн төвийн хоёрдугаар төв цэцэрлэгт хүүхэд багачууд хөгжилдөн инээлдэж байгаатай тааралдав. Тэдний зарим нь нүх ухаж, нэг хэсэг нь суулгацаа тарьж бас хэд хэдэн хүүхэд гар худгаас ус татаж, мөн зөөврийн машинаас ус авчирч байлаа. Аймгийн төвийн “Эрдмийн өргөө” цогцолбор болон нэгдүгээр дунд сургуулийн сурагчид төгсөлтийнхөө нэрэмжит бүтээлч ажил болгон нийт 300 ширхэг мод тарьцгаалаа. Нээлтийн ажиллагаан дээр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг төгсөгч Б.Даваасүрэн үеийн нөхдөө төлөөлөн үг хэлэхдээ, бидний өнөөдрийн суулгаж байгаа мод хэдэн жилийн дараа эргээд ирэхэд ой мод адил шуугин найгаж угтах болно. Мод тарих буянтай ажил хэмээн ахмадууд маань ярьдаг. Энэ чухал буянтай ажилд төгсөгч бүр идэвхтэй оролцоцгооё хэмээн уриалсан юм. Уриалга ийнхүү амжилттай хэрэгжлээ.
Энэ жил аймгийн төвийн айл өрхүүд оршин суудаг хашаандаа олон тооны мод буттай болох хөдөлгөөн өрнүүлж, үхрийн нүд, тэхийн шээг, ялангуяа ихээхэн хэмжээний чачаргана зэрэг жимс, жимсгэнийн модны суулга тариаллаа, Тухайлбал зургадугаар багийн Ж.Чулуун 800, дөрөвдүгээр багийн Г.Дорждагва 1000 ширхэг чацаргана тариалсан байна. Иргэдийн дунд өрнөж байгаа энэ санаачилга хөдөлгөөний дэмжх зорилгоор аймгийн төвийн зургаан баг тус бүрээс таван иргэнийг дэмжиж нийт жимсний 165 модны суулгац үнэгүйгээр олголоо. Тэдгээр модыг сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэн авна. Гурван жилийн хугацаанд сайхан ургуулсан бол тухайн айл өрхийн өмч болгон балансаас балансад шилжүүлэн иргэдийн өрсдийнх нь өмч болгон өгнө. Харин арчилж тордон уруулж чадаагүй бол иргэд үнийг нь төлөх ажээ
Мод тарина гэдэг үрслүүлэн үндэслүүлсэн мөчрөө нүх ухан суулгаж услах төдий ажил биш ажээ. Хамгийн гол ямар мод бутыг хэрхэн суулгаж тарих нарийн арга технологитой. Түүнийг нь баримтлахгүй бол ургаж хөгжилгүй “борц” болон хатаж зарцуулсан цаг хугацаа, ажил хөдөлмөр үр дүнгүй болоход хүрдэг. Ийм учраас тарьсан бүхнийг ургуулах нөхцөл бүрдүүлэх талаар онцлон анхаарчээ. Энэ талаар Булган сумын байгаль орчны ахлах байцаагч Д.Энхтуяатай уулзахад
-Аймгийн байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтнүүдтэй хамтран байгууллагуудыг хариуцаж ажилласан. Энэ өдрөөр ажилласан байгууллагуудыг бүлэглэн төрөлжүүлж арав шахам хэсэг болгон хуваарилсан. Тэдгээр хүмүүс хоёр үндсэн үүрэг гүйцэтгэлээ. Нэгд, хариуцсан хэсэгтээ байгууллагууд хэрхэн ажиллаж байгаатай танилцан шалгаж хяналт тавьсан. Хоёрд, ямар модыг хэрхэн тарих арга зүйн зөвлөгөө өгцгөөсөн хэмээн ярив.
Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгох ажил Булган хотод ийнхүү эрчимтэй өрнөсөн байна. Ажлын дүнгийн талаар сумын Засаг даргын орлогч Д.Баасансүрэн:
-Энэ ажилд бараг бүх байгууллагыг хамруулж арав гаруй төрлийн мод бут тариулаад байна. Хар мод, нарс, улиаснаас гадна төв суурин газар тарихад тохиромтой хайлаас, амьдрах хугацаандаа өвөл зунгүй ногооноороо байдаг нарс, гоёл чимэглэлийн шар хуайс, урьд өмнө нь төдийлөн тарьдаггүй байсан агч, далай хайс, голч бор зэрэг модыг албан байгууллагуудад захиалгаар авч өгсөн. Мөн үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг, чацаргана зэрэг жимс жимсгэнийн мод бут тариуллаа. “Ажнай цэгц” компани өөрийн үржүүлдэг саваа модноос 200-г суулгасан. Урьдчилсан байдлаар 5360 шахам мод тариад байна хэмээн ярилаа. Тэрээр урьдчилсан байдлаар гэсний учир нь энэ бол зөвхөн мод тарих өдрийн тооцоо ажээ. Зарим байгууллага, иргэд ажлын бололцооны улмаас нэгдсэн арга хэмжээнд оролцож амжаагүй тул ойрын хугацаанд хийнэ. Энэ байдлыг харгалзан сумын Засаг даргын тамгын газраас хаврын мод тарилтыг ганц өдрөөр хязгаарлалгүй долоо хоног үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү Булган хотод шинээр тарих мод дахин нэмэгдэх болно.