Саяхны нэг өдөр хуримаа хийж буй хос хоёр төв талбайд явж байв. Чингис хааны хөшөөний дэргэд дурсгалын зураг татуулах гэтэл хамгаалалтын ажилтан зөвшөөрсөнгүй. Гуйгаад гуйгаад нэмэр алга. Гэтэл хуримаа хийж буй хосын аав сэргэлэн өвгөн түүнд мөнгөн аягатай сүү барив. Эвгүй “шахаанд” орсон хамгаалагч шатны хаалтаа авч орохыг зөвшөөрлөө. Хос хоёр их хааныхаа өлмийд очин мөргөж, зурагаа татуулчихаад яваад өглөө. Дараа нь хонхны баяраа тэмдэглэж буй залуус бас л шатан дээр гарахыг хүслээ. Харамсалтай нь зөвшөөрсөнгүй. Яагаад гэвэл тэд хамгаалагчид шампан дарснаасаа өгөх ёстойг ухаарсангүй.
Их хотынхоо төв талбай, эх орныхоо түүхэн дурсгалт газарт хамгийн гэгээн мөчөө мөнхлөх гэсэн хүмүүсийг ингэж шаналгах хэрэг байна уу даа. Хааны хөшөөг хамаагүй үзүүлж болдоггүй л юм бол ор тас хашаа хайсанд нуучихвал яасан юм бэ. Эсвэл “Хамгаалалтын ажилтанд сүү амсуулаад орж болно” гэсэн журам баталсан нь дээр байх аа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин