Замын-үүдээс Алтанбулаг хүртэл үүрэн холбооны 3G сүлжээнд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Замын-үүдээс Алтанбулаг хүртэл үүрэн холбооны 3G сүлжээнд холбогдлоо

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд нэгэн түүхэн хуудас нээсэн өдөр өнөөдөр тохиов. Монгол орны урд хилээс хойд хил хүртэл буюу Замын Үүдээс Алтанбулаг хүртэлх Олон улсын болон улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу 1007 км тасралтгүй 3G сүлжээ нэвтэрлээ. Энэхүү төслийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр Юнител групп хэрэгжүүлж 2014 оны 11дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Хар модотын даваанд нээлтээ хийлээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээж үг хэлэхдээ “Төслийг амжилттай хэрэгжүүлсэн багийнханд баярлалаа. Монгол орны урд хилээс хойд хилийг холбосон нийт 1007 км замын уртад 51 газарт сайтын бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Олон улсын болон улсын чанартай А зэрэглэлийн авто замаар зорчигчдоос гадна төмөр замаар зорчигчид болон ойр орчмын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй иргэд, малчид маань харилцаа холбооны дэвшлийг амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо. Бид эх орныхоо хавтгай тэнхлэгт ч энэхүү дэвшлийг нэвтрүүлэхээр зорин ажиллах болно” гэсэн юм.

Төслийг хэрэгжүүлэгч Юнител группийн Техникийн газрын захирал Д.Энхбат “Төслийг хэрэгжүүлэхэд 40 орчим компани хамтран оролцсон. Бүгдэд нь баярлалаа. Монгол улсынхаа харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд цаашид ч манай групп ихийг хийх болно” гэлээ. Нээлтэнд мөн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Б.Буян-Өлзий оролцсон юм. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хүн амын байршил амьжиргааны түвшнээс үл хамааран хүргэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн үр дүнд Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг гэсэн 1007 км замын 93.47 хувийг 3G сүлжээгээр хангагдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж