Гадаад харицааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа энэ хүнийг А.Ундраа гэдэг. Энэ хүний эрхлэх ажлын хүрээ нь цөмийн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын байр суурийг бусад улсуудад тайлбарлан таниулах. Гол харилцдаг улс нь ОХУ, БНХАУ, Канад гэж байгаа. Сүүлийн үед ч цөмийн хаягдлыг Монголд булах тохиролцоо хийгдсэн талаарх мэдээллийг эрс няцааж байгаа хүний нэг нь тэр. Энэ асуудлаар бүр сайтын сэтгэгдэлүүдтэй өөрийнхөө нэрийг бичиж байгаад хэрүүл хийж байна гэх баримтуудыг хүмүүс дэлгэсэн байна лээ. А.Ундраагийн тухайд урд нь Цөмийн энергийн газрын даргын суудалд очих сураг дуулдаад алдарсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй байснаа одооноос цөмийн асуудал бүрт тайлбар өгч, бүр “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт хүртэл оролцож, дуусашгүй яриа өрнүүлдэг болсон. Ер нь тэр өөрийгөө Цөмийн асуудлыг цөмийг нь мэддэг гэж ойлгодог бололтой. Уг нь цөмийн салбарын асуудлыг ерөнхийд нь хянадаг зохицуулдаг Цөмийн энергийн газар гэж тусдаа байгууллага байдаг. Цөмийн хаягдал булах эсэх асуудал дээр энэ байгууллага нь байр сууриа илэрхийлчихээд байхад түүний нэмэлт тайлбар арай л илүүдээд байх шиг. Гол хийдэг ажилдаа анхаарал хандуулахгүй дотооддоо болж буй асуудалд хошуу дүрээд байгаа нь нэг л сонин харагдаад байгаа юм даа. Магадгүй тэр Цөмийн энергийн газрын даргатай мөчөөрхөөд байгаа ч юм бил үү. Мэдэхгүй юм даа.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин