Байгаль хамгаалагч баяртай!

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагч баяртай!

Тайзан
дээр хэзээ мөдгүй гарах гэж буй дуучин, жүжигчнийг санагдуулам донж
маягтай хувцас­ласан нэгэн эр зурагтын хойморь тухлан ярилцлага өгч
байна. Өдөр тутмын бус чамин загвартай, үн­дэсний маягтай дээл хув­цас
оршоо­сон энэ хүн бол “Онги гол”-ын Ц.Мөнхбаяр юм. Тэр улс төр ярьдаг
болжээ.

2007 онд тэрбээр Голдманы бай­галь орчны шагналтан болж,
Азиа төлөөлөн энэ шагналыг хүртэж байхдаа энгийн костюмаар гоёсон, үл
ялиг улаа бутарсан хацартай хөдөө эрийн дүрээр олны танил болж байв.
Үнэндээ ч гурван аймгийн нутгийг дайран урсдаг Онги гол тасарч, уул
уурхайн ашиглалт хяналтаас гараад байх үед түүний идэвх зүтгэл цаг үеэ,
нүдээ олсон эх оронч санаачилга байлаа. Түүний тэмцэл хил, хязгаар
гэтлэн үнэлэгдсэнд нутаг ус, байгаль дэлхийгээ гэх  нүүдэлчин монголчууд
талархан угтсан юм.

Таван жилийн турш ажиллаж байж тэрбээр Онги
голын ай савын гурван аймгийн найман суманд салбараа бай­гуу­лан 4000
орчим дэмжигч, гишүүдийг бүртгэж, энд тэнд үүсээд байсан байгаль
хамгаалах иргэний хөдөлгөөнийхнийг эвсэл болон нэгдэхэд гол үүрэг
гүйцэтгэсэн гэдэг. Бас ч чамгүй урт хугацааг үүнд зориулсан хэрэг. Үүний
зэрэгцээ сум, аймгийн иргэдийн төлөө­лөгчдийн хуралд сон­гог­дон
байгаль хамгаалах, уул уурхайн хяналтгүй үйл ажиллагааг цэгцлэх тэмцлээ
үргэлжүүлсээр үр дүнг нь ч үзсэн юм. Тухайн үед байгаль хамгаалагчдын
дуу хоолой хууль тог­тоох төвшинд хүрч, Онги гол дагуу олборлолт хийж
байсан 37 уурхайн 35-ынх үйл ажиллагааг зогсоосон байдаг. Энэ бүхний үр
дүнд тэрбээр 150 мянган ам.доллар дагалддаг олон улсын шаг­налыг хүртсэн
юм.

Үүнээс хойш байгаль хамгаалах хөдөлгөөнүүд хэдэн арваараа
бай­гуу­­­лаг­даж, энэ хэрээр үнэ цэн нь ч буураад байгааг та бид мэдэх
болсон. Уул уурхайн компаниудыг шантаажлан мөн­гө салгах зорилготой л
гэнэ. Улстөрч­дийн гар, хөлд үйлчилдэг ташуур боллоо л гэнэ. Энэ нь
зарим талаар үнэний ортой байх.

“Онги гол хөдөлгөөн-ийн
санаач­лагч Ц.Мөнхбаярын нэр хүнд ч үүнийг даган навс  унасан гэхэд
хилсдэхгүй. Өнгөрсөн зун л гэхэд тэрбээр уул уурхайн компанийн ажилтнууд
руу буу шагайсан хэрэгт холбогдоод амжсан. Хуулийн хүрээнд иргэний
хувиар үйл ажиллагаагаа явуулан ний­гэмд нөлөөлж байсан түүний нэр хүнд
өнөөдөр хаачив?

Энэ хаваржин талбайг эзэгнэ­сэн “Гал үндэстэн”
холбоог тэр төлөөллөө. УИХ тар, Засгийн га­зар огцор гэсэн улстөржсөн
шаард­лагуудыг удаа дараа дээш шидсэн ч ямар нэг нөлөө үл мэдрэгдэнэ.
Улстөрчдийн гар, хөл болж байна гэсэн нэр хоч л зүүгээд өнгөрөв.
Нэгэнтээ энэ эр “Бид хүн төрөлхтөний ёроолгүй хэрэгцээнд байгаль
ээжийн­хээ хувь заяаг захируулж болохгүй. Эц­сийн дүндээ энэ чинь бидний
хувь заяа шүү дээ” гэж хэлж, түүний энэ ишлэл Голдманы шагналтны үзэл
бодлын хэмжүүр болж байв. Харин тэрбээр өнөөдөр илүүтэй улстөржсөн
шаардлага тавьж, түүнийхээ төлөө тэмц­лийн ямар ч хэлбэрийг сонгоход
бэлэн хэмээн мэдэгдэж байна. Ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж
бай­на. Эрх мэдлийн төлөө биш байгаль дэлхийнхээ төлөө хуулийн хүрээнд
улстөржилтгүйгээр урьдынхаараа тэм­­­цэ­хэд нь юу болохгүй байсан юм бол
доо?! Байгаль хамгаалагчдаа баяртай гэж хэлэх үү?

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж