АТГ улстөрийн зорилгоор ажилладаг уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

АТГ улстөрийн зорилгоор ажилладаг уу?

АТГ гэх   байгууллага үе үе хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өгдөг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байна.  Авлига, албан тушаалын хэргийг шалгах чиг үүрэгтэй энэ байгууллага анх байгуулагдах үедээ Хэвлэл мэдээллийн албатай байсан. Харин удирдлага нь солигдсоноор хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь цомхотгоод орсон  юм.  Үүнээс хойш сэтгүүлчид энэ байгууллагад мэдээлэл авахаар ирээд гоц мөргөдөг  болж,  сүүлдээ өөрсдийнх нь ам нээхийг  хүлээдэг болсон нь нууц биш. Харин сүүлийн  үед АТГ-аас хийж буй мэдээлллийг “Улстөрийн зорилготой”  гэх үг чих дэлсэх болов. Энэ нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн “Хийсэн хэргийн” талаар АТГ  дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс үүдэлтэй. Цаг үе нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс нэг өдрийн өмнө. Тиймээс  УИХ дахь Хуульзүйн  байнгын хорооноос АТГ-ын хийж буй ажлыг тодруулах  албан бичиг  явуулжээ. Харин уг албан бичигт “хаалттай, мэдээлэл өгдөггүй”  гэдгээрээ алдартай АТГ сонирхолтой  хариу өгсөн  байх юм. Тухайлбал мөрдөн шалгах чиглэлээр: Тус газрын мэдээллийг олон нийтэд түгээж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын  мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажилд ач холбогдол өгөхөөс илүү зөвхөн мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг олон дахин дамжуулж, нийтэд хүртээл болгодгоос үүдэн хэрэгт  холбогдсон албан тушаалтны талаарх мэдээллийг нийгэмд урьдчилан цацаж, дараа нь мөрдөн байцаалт явуулдаг гэсэн сэтгэгдэл зарим нэгэн хүмүүст төрүүлж болзошгүй байна”  гэжээ. Өөрөөр хэлбэл улстөрийн зорилготой мэдээлэл хийдгээ сэтгүүлчид хэрэгт дурлаж байгаагаас боллоо гээд бухчихсан байгаа юм. Гэтэл АТГ-ын Л.Гансүхийн хийсэн хэргийн талаар олон нийтэд  дэлгэрэнгүй, деталчилсан мэдээлэл  өгснийг юу гэж ойлгох вэ. Нөгөө  “Мөрдөн  байцаалтын нууц” энд хамаагүй юу.  АТГ өөрт ашигтай мэдээллээ   найрсаг  гэгч нь хэвлэлийнхнийг цуглуулж өгчихөөөд бусад үед “Мөрдөн байцаалтын нууц”  гээд гэдийгээд суучихдагийн тод жишээ энэ. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооноос Л.Гансүхийн хамт хоригдсон М.Тулгыг батлан даалтад гаргахгүй байгаа шалтгаан, эрүүл мэндийн байдлын талаарх асуултад “Хоолой идээлж үрэвссэн нь зүгээр болсон гэсэн онош гарсан. Цаашид 20 хоногийн хугацаанд эм ууж явах дасгал сайн хийгээд 20 хоногийн дараа дахин  ирж үзүүлэх шаардлагатай гэсэн эмчийн шийдвэрийг үндэслэн Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн” гэжээ. Гэтэл цагдан хоригдож буй нөхцөлд “явах дасгал сайн хийх” боломж бий юу. М.Тулгын өмгөөлөгч өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдөр хэвлэлийн хурал хийхдээ нурууны хагалгаанаас болж бие нь муудсанаас гадна 461 дүгээр ангийн харгалзагчид зодуулж,  амь насанд нь аюул  тун хүнд байдалд ороод байгаа хэмээн мэдэгдэж байв. Мөн М.Тулгын ээж  М.Эрхэмхүү хүүгээ хагалгаанд орсон, өвчнийхөө улмаас хөлөө даахгүй байгаа түүнийг АТГ-ынхан жүжиглэлэээ хэмээн дарамталж байгаа тухай ярьсан юм. Гэтэл өнөө хэр нь Л.Гансүхтэй хамт хоригдсон залуусыг батлан даалтад гаргаагүй байна.  Энэ мэт жишээ захаас аваад бий. Асуудлын гол нь  АТГ улстөрийн зорилгоор мэдээлэл хийдэггүй гэдгээ сэтгүүлчдийг буруутгаж  тайлбарласан нь гайхшрал төрүүлээд байна. Адаглаад хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь боломжтой хэмжээнд мэдээллээ өгдөг болчихвол энэ мэтээр хардахгүй шүү дээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж