Есөн байраар ухарч, гурваар урагшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Есөн байраар ухарч, гурваар урагшилжээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсонтой холбогдуулан өчигдөр орой Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос арга хэмжээ зохион байгууллаа. Уг хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд УИХ-аар баталсан юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны дарга С.Батболд арга хэмжээний үеэр үг хэллээ. Түүний хэлснээр Монгол Улс жендэрийн хөгжлийн индексээр дэлхийн 174 улсын дунд 92 дугаар байрт яваа ажээ.
 
 Энэ нь 2002 оны үзүүлэлтээс гурван байраар урагшилж, 1993 оныхоос есөн байраар ухарсан үзүүлэлт юм байна. Үүнд дүгнэлт хийх учиртайг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр “Бүгдээрээ жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллая, та бүхэн манлайлагч шүү” хэмээн уриалсан юм. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр болон хүйсээр тэгшитгэсэн парламентын төлөөллийн индексээр ч бууралттай байгааг өөрчлөх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолж, Жендэрийн эрх тэгш байдыг хангах тухай хууль эдгээр зорилтыг хэрэгжүүлэх бодит арга зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын ХАС-ын Шадар суурин төлөөлөгч Ч.Оюунцэцэг энэ хууль нь боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх, ДОХ-той тэмцэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг эрчүүд, эмэгтэйчүүд тэгш эзэмших, Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, иргэдийг ажлын байраар хангахад чухал ач холбогдолтой болохыг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Боловсрол, соёл, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч  Д.Очирбат, гишүүн С.Баяр, С.Оюун, Д.Оюунхорол, Д.Арвин, Л.Гантөмөр, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Б.Долгор, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, ажлын хэсгийнхэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, дэмжин ажилласан НҮБ, Хүн амын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж