Драм ямар ч фантомасгүйгээр амьдралыг харуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Драм ямар ч фантомасгүйгээр амьдралыг харуулдаг

“Юнител” компаниас зарласан “The call” төслийн хүрээнд явагдсан богино хэмжээний киноны уралдаанд “Миний сарнай” зохиолоороо шалгарсан “Creative art” группын кино найруулагч Б.Чингүүнтэй ярилцлаа.
-“Миний сарнай” зохиол уг уралдааны драмын төрөлд шалгарсан гэсэн. Энэхүү уралдаанд чухам яагаад драмын зохиолоор өрсөлдсөн юм бэ?

-Би сургуулиа төгсөөд дөрвөн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүрэн хэмжээний хоёр, богино хэмжээний хэд хэдэн кино хийлээ. Тэдгээр богино хэмжээний кинонууд маань драмын чиглэлийнх. Хамгийн сүүлд хийсэн “Сүүлийн хугацаа” гэдэг кино маань драмаас гажиж, аймшиг тал руугаа болсон. Гэхдээ драмын чиглэлийн бүтээлүүд хийсэн тодорхой хэмжээний туршлагатай болохоор “Юнител”-ээс зарласан уг уралдаанд драмын төрлөөр оролцсон.

-Драмын чиглэлийн киног бусад жанрын кинотой харьцуулбал юугаараа онцлог вэ?

-Драм үзээд хүмүүс өөрийнхөө амьдралыг толинд харсан юм шиг болоод өөртөө “Миний амьдрал нээрээ иймэрхүү шүү” гэж хэлдэг. Хүний амьдралыг ямар ч фантомасгүйгээр тэр чигээр нь харуулдаг. Бидний эргэн тойрны бүхий л зүйлсийг драмаар харуулж болдог. Драм хүний сэтгэлд илүү ордог.

-Уралдаанд хичнээн уран бүтээлч оролцсон бэ?

-Ийм төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан уралдаан зарласан тухай “Юнител”-ээс над руу дуулгаад бүтээлээ өрсөлдүүлэхийг хүссэн. Тэр саналыг анх сонсоход их таалагдсан. Загатнасан газар маажив гэгчээр шууд л “За” гэж зөвшөөрсөн. 16 найруулагчийн 30 гаруй бүтээл өрсөлдсөн юм билээ. Тэднээс тавыг сонгосон. Сонгогдсон бүтээл дунд миний зохиол шалгарсанд баяртай байна.

-“Миний сарнай”-д юуг өгүүлэх вэ?

-Энэ нийгэмд хүн бүрээс алдагдаж буй энэрэнгүй сэтгэл, хүн чанар, бие биедээ зориулах хайраа хадгалж үлдэх, алдаж болохгүй гэдгийг өгүүлэхийг хүссэн.

-Өмнө нь томоохон наадам, төслүүдэд оролцож байв уу. Ямархуу амжилт үзүүлсэн бэ?

-Өнгөрсөн жил болсон 48 цаг” кино наадамд манай баг “Цэцэг” киногоороо орсон. Уг наадам олон үе шаттай явагдсан. Дотоодоосоо шалгарвал тивдээ, цаашлаад Канны кино наадамд оролцох байсан. Бидний кино дотооддоо хоёрдугаар байрт шалгарч “Шилдэг зураглаач” номинацийн шагнал хүртсэн. Нэгдүгээр байрт орсон кино бүтээл одоо Канны наадамд өрсөлдөх гэж байгаа. “Цэцэг” кино маань “48 цаг” наадмын Азийн шатанд шилдэг есөн бүтээлийн нэгээр шалгараад байна.

-Драмын чиглэлийн кино Азид хүчээ авч буй төрөл нь байх шүү?

-Азидаа бол нэлээд том жанр ш дээ. Ази драмаараа дэлхийд алдартай. Наад захын жишээ дурдвал Солонгосын кино, савангийн дууриуд байна. Хятадууд маш сайн драм хийдэг. Ер нь бүхий л орон драмыг өөрсдийн онцлогоо тусган харуулдаг.

-Монголын кино урлагт байсан, саяхан бүтсэн хамгийн сайн драмтай кино гэвэл ямар киног нэрлэх вэ?

-Сүүлийн үеийн кинонуудаас нэрлэвэл “Үл таних эмэгтэйн захидал”-ыг нэрлэнэ.

-Уралдаанд шалгарчихлаа. Киноныхоо зураг авалтыг хэзээ эхлүүлэх вэ?

-Зураг авалтаа тавдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Кино театрууд үүд хаалгаа дахин шинээр нээснээр Монголын киноны салбар сэргэж эхлэв үү. Эсвэл кино урлаг сэрсэн болохоор кино театрууд дахин ажиллаж эхэлсэн юм уу?

-Цаг үе нь цаанаас шаардсан юм болов уу. Нэгэн үе Монголын кино урлаг уналтад орсон, бараг байхгүй шахуу байлаа. “Тэнгис” кино театр анхлан үүдээ нээснээр зоригтой алхам хийж, кино урлагт түлхэц өгсөн гэж үнэлдэг. Хэрвээ театр байхгүй байсан бол мянган кино хийгээд хаанаа үзүүлэх юм бэ. “Өргөө”, “Соёмбо” үүдээ нээснээр кино урлагийг өргөжүүлсэн. Тэдгээр кино театруудын үйл ажиллагаа ч өргөжиж  Дархан, Эрдэнэтэд салбараа нээж байна. Энэ бол уран бүтээлч бидний хувьд аз завшаантай хэрэг.

-1990-ээд оны үед тухайн нийгмийн амьдрал, ядуусын зовлон зүдгүүрийг ямар ч урлалгүйгээр харуулсан өнгө будаггүй кинонууд олноор гардаг байлаа. Гэтэл одоо киног урлаг талаас нь бүтээдэг болчихож?

-Уран бүтээлчид кино хийгээд сурч байгаа гэсэн үг. Киног ерөнхийд нь арт, арилжааных гэж ангилбал манай өнөөгийн зах зээлийн нөхцөлд хүн болгон мөнгө олох гарцгүй учраас арилжааны киноноос гараагаа эхэлдэг. Тэгж явсаар сүүлдээ санхүүгийн хувьд бэрхшээлгүй болсон хойноо уран бүтээл рүү чиглэх болов уу гэж бодож байна. Кино театраар гарч буй киноны ихэнх нь арилжааных байна. Тэдэн дунд ганц хоёрхон арт чиглэлийн кино байдаг. Баримтат кино угаас ашгийн бус байдаг.

-Өөрөө кино найруулагчаар хаана мэргэжил эзэмшсэн бэ?

-Дөрвөн жилийн өмнө Бээжингийн төв драмын академийг кино найруулагчаар төгссөн.

-Тэр сургуульд монгол залуус хэр суралцдаг вэ?

-Цөөхөн. Жилдээ ганц юм уу эсвэл хоёр жилд ганц, хоёр оюутан суралцдаг. Төр засгийн зүгээс урлагийн чиглэлээр гадаадад боловсон хүчин бэлтгэж байгаасай. Кинонд тоглох сайн эмэгтэй жүжигчин хайхаар олдохгүй. Бүхий л талын авьяастай, жүжигчинд байх чанаруудыг цогцоор нь бүрдүүлсэн жүжигчин манайд ховор.

-Одооны кинонд тоглодог жүжигчид, драмын жүжигчид тэр бүгдийг цогцоор нь харуулж чадахгүй байна гэсэн үг үү?

-Мэргэжлийн жүжигчин гэгдэж буй нэг жүжигчинтэй хамтран ажиллалаа гэхэд хувийн зохион байгуулалтгүй, дүр дээрээ ажиллахгүй байх гээд янз бүрийн асуудал үүсдэг л дээ. Залуу болон алтан үеийн жүжигчидтэй нэгэн зэрэг ажиллахад ахмад жүжигчид дүрээ бодоод, зохиолоо 5-7 удаа уншчихсан байдаг. Харьцуулаад үзэхэд маш их ялгаатай байдаг.

Д.ГАНСАРУУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж