Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, Орхон аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн тоглолтын дараа маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаас Д.Оюунтуул хүнд гэмтэн, биеийнх нь 35 хувь түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн. Тус хэрэгт дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Ц.Алдармаад 7 жил 3 хоногийн хорих ял ногдуулсан юм. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцох бол шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалах юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцох юм байна.
Шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх юм. Давж заалдах шатны шүүхээс ял нэмдэггүй юм. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр Ц.Алдармаад ногдуулсан ялыг бууруулах боломжгүй.
Л.ХАЛИУ