МҮДН, МоАХ хоёр нэгдэнэ гэв үү?

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

МҮДН, МоАХ хоёр нэгдэнэ гэв үү?

Эрх баригч хүчин намын даргаа өөрчилж, УИХ-ын даргыг оройдоо залсан ч урьдын зовлон нь нимгэрсэнгүй. Х.Баттулга гэх “эсэргүү”-г дарж аваад Ч.Сайханбилэгийг дэмжүүлэхээр “Алтан гадас”, “Шонхор” фракцийнхан нэг тал болсон ч  МҮДН, МоАХ-н хоёр хүчээ нэгтгэн, анхны байр сууриндаа хатуу зогсох “шивнээг” хийсэн гэх. Үүгээр бол тэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн эсрэг кноп дарах нь.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг доторх МҮДН-ийн гишүүдийг тоолбол найм аж. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Зоригт, Б.Гарамгайбаатар, Р.Амаржаргал, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар тус фракцид харьяалагддаг байна. Харин МоАХ фракцийн тухайд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг нэрлэж болох аж. Тэднийг намынх нь үнэт зарчим нэгдэх байр сууринд хүргэсэн гэх албан бус мэдээлэл байна.

Өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хуралдааны санал хураалтын дүнг нягталж үзвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа гишүүний нэгэн адилаар анхны байр сууриа хадгалсан. Дээр нь УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэдгээ албан ёсоор өчигдөр зарлалаа. Ийм нөхцөлд эрх баригч хүчин дотооддоо ойлголцож нэг талдаа гарахгүй бол УИХ-аар асуудлыг хэлэлцэх шатанд унах магадлал өндөр болоод байна.

Хэдийгээр УИХ-д МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг бий ч экс дарга Н.Алтанхуягтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэхийг нягтлахаар ажлын хэсэг байгуулав. ИЗНН-ын хоёр саналд найдаж болох ч бие даагчид гэх хаашаа ч хөлбөрч мэдэх гурван нөхөр бий. Н.Алтанхуягийн танхим унаснаас хойш тэд дуугаа өндөрсгөн болж бүтэхгүй болгоныг дэлгэх болсон нь бас л цаанаа учиртай. Бие даагчдын үгийг сонсохгүй бол Ерөнхий сайдаар томилуулах хүнийг чинь дэмжихгүй шүү гэдгээ илэрхийлж байж болох.

Ийм үед нам доторх тэмцлээ зөөллөж, ойлголцохгүй бол Ерөнхий сайдыг томилуулах “ажиллагаа” хугацаа улам алдаж мэдэхээр байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж