Нийслэлийн дүүргүүдийн 2015 он хүртэлх хөгжлийн зорилтыг оновчтой тодорхойлж, дүүргийн ИТХ-аар батлуулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан гүйцэтгэхээр болжээ. УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтуудыг орон нутагт тодорхойлох үүрэг өгсний дагуу “Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтууд” болон Налайх, Сонгинохайрхан дүүргийн “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, тулгамдсан асуудал”-ыг тодорхойлсон байна. Орон нутгийн Мянганы хөгжлийн зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон нь стратегийн ач холбогдолтой бодлогын баримт бичиг болсон төдийгүй түүний үзэл санаа, үзүүлэлт, арга хэрэгсэл, үйл ажиллагаа нь хотын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл болж байна гэж албаны хүмүүс үзэж байна.
Энэхүү ажлыг үлдсэн долоон дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжил, арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Л.ХАЛИУ