Дэлхийн мисс тэмцээнд эх орныхоо хацар гоо охидыг төлөөлөн өрсөлдөх Гондурасын мисс Мариа Хосе Алварадо Муноз дүү охиныхоо хамт ор сураггүй болжээ. 19 настай гоо бүсгүй дүүгийнхээ хамт Санта-Барбара хотноо нэгэн найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгт оролцсоныхоо дараа ор сураггүй болсон аж. Тэднийг хамгийн сүүлд төрсөн өдрийн үдэшлэг тараад нэг автомашинд суугаад явсан тухай гэрчүүд мэдээлжээ. “Fox News” агентлагт мэдээлснээр Гондурасын мөрдөн шалгах албаныхан энэ хэрэгт гоо бүсгүйн дүү Софиа Тринидадын найз залуу болон өөр гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.
Мариа Хосе Алварадо өнгөрсөн дөрөвдүгээр сард Гондурас улсын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч, Дэлхийн мисс тэмцээнд өрсөлдөхөөр болсон аж. Тэрээр Дэлхийн мисс тэмцээнд оролцохын тулд энэ долоо хоногийн сүүлч гэхэд Английн Лондон хотноо ирсэн байх ёстой байжээ. Лондон хотноо дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүйчүүд цугларах юм. Дэлхийн мисс тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 14-нд болж, ертөнцийн гоо үзэсгэлэнг тодруулах юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: E online