Байгалийн чулуу наймаалагчдыг дийлэхгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Байгалийн чулуу наймаалагчдыг дийлэхгүйд хүрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, хэд хэдэн чухал асуудлаар мэдээлэл хийлээ. МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Батсайхан дараах мэдээллүүдийг өглөө.

Байгаль дээр байж л байдаг юм гээд тоохгүй орхисноос байгалийн хагас эрдэнийн  болон өнгөт чулууг их хэмжээгээр түүж худалдах, хууль бусаар хил давуулан наймаалцах болжээ. Үүний улмаас Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тал хээр нутагт цөлжилт нэмэгдэж хөрс их хэмжээгээр сийрэгжиж байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ. Чулуу түүн гадаад дотоодын  наймаачдад өгч амжиргаагаа залгуулдаг нутгийн иргэдээс нэг хүн амь насаа алдаж, хоёр хүн чулуунд дарагдаж бэртэж гэмтсэн хэрэг ч бүртгэгдсэн байна. Тиймээс МХЕГ-ынхан  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт очиж ажиллаад иржээ. Хууль бусаар өнгөт болон хагас эрдэнийн, гоёлын, өнгөт чулуу олборлож буй иргэд маш олон байгааг хяналтын байцаагч нар онцолж байлаа. Тэдний хууль бус үйл ажиллагааг зогсоох үүднээс 400 мотоцикл, 20 гаруй автомашин хураан авсан ч эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг харгалзан буцаан олгожээ. Тиймээс чулуу түүн амжиргаагаа залгуулж буй нутгийн иргэдтэй бус эл чулууг наймаалан хөлждөг бизнесийн бүлэглэлийнхэнтэй тэмцэх нь зөв юм гэсэн шийдэлд хүрчээ. Байгалийн чулууг хууль бусаар хил давуулан наймаалдаг бизнесмэнүүдийг олж илрүүлэх, тэдэнд хариуцлага тооцох ажилд Тагнуул, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгтэй байгааг мөн тодотгосон юм. Эс тэгвээс Мэргэжлийн хяналтын болон орон нутгийн байгууллагууд хүч хүрэхгүй нь гэдгээ нуусангүй. Хууль хүчний байгууллагуудад албан ёсоор хандаж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Уулын ажлын төлөвлөгөө өгөөгүй уурхайг хаана

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уулын ажлын төлөвлөгөөгөө арванхоёрдугаар сарын 1-ний дотор өгөх ёстой. Уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудыг энэхүү үүргээ биелүүлж, уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газрт яаралтай өгөхийг сануулав. Эс тэгвээс хуульд заасанчлан /Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний / торгууль ногдуулахын дээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг эхлүүлэхгүй  байх үндэслэл байгааг санууллаа. Эдийн засаг хүнд байгаа үед МХЕГ хувийн аж ахуйн нэгж байгууллагыг хааж боолоо гэсэн хэл үг, сөрөг мэдээлэл гарах вий гэдэг үүднээс болгоомжлуулан сануулж байгаагаа Б.Батсайхан онцолсон юм. ДНБ-ний 60 хувь, экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул үйлдвэрлэл эрхлэгчид гаргаж буй нь үнэн боловч хуулиа ягштал дагаж мөрдөх учиртайг мэргэжлийн хянатынхан тодотгож байлаа. Он гартал сар гаруйн хугацаа байгаа болохоор үлдэж буй богино хугацаанд үйлдвэрлэл эрхлэгчид хуулийн дагуу уулын ажлын төлөвлөгөөгөө гаргаж өгөх, энэ асуудлыг эрхэлсэн агентлаг Ашигт малтмалын газар ч төлөвлөгөөг шахаж шаардан авахыг санууллаа. Тиймээс хаа хаанаа хуулийн дагуу ажиллаж, уурхайгаа хаалгах хэмжээний алдаа гаргахгүй байх хэмээн мэргэжлийн хяналтын байгууллага итгэж байгаа гэнэ.

Хайгуулын талаарх мэдээлэл хүн бүрт хүрэхгүй байна

Манай улс 2009 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Энэхүү хуулийн хугацаа энэ оны долдугаар сард цуцлагдаж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 13 хувьд нь хайгуул хийх зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл хүлээн авч олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл иргэдэд харилцан адилгүй хүрч байгаа нь  МХЕГ-ынхны дүн шинжилгээгээр нотлогджээ. Монгол Улсад ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй талбай хаана хэдий хэмжээтэй байгаа, цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг хаана олгох вэ гэдэг мэдээлэл тун бүрхэг байна. Энэ талаарх мэдээллийг иргэд, хуулийн этгээд  эрх тэгш мэдэж байх ёстой. Ийн мэдээлэх үүргийг Ашигт малтмалын газар хуулиар хүлээж байдаг. Гэтэл тус байгууллагаас энэ талаарх мэдээллийг  мэргэжлийн хяналтын байцаагчид ч бүрэн дүүрэн гаргаж өгөхгүй хүндрэл учруулжээ. Тэгэхээр эгэл жирийн иргэдэд бол бүр ч гэдийх нь мэдээж. Тиймээс шинээр олгох хайгуулын тусгай зөвшөөрлийг урьдын адил мэдээлэлд ойрхон байгаа этгээдүүд авч, нийт олны хувьд мэдээлэл, мэдлэггүйгээс эрхээ эдлэж чадахгүй хоцрох дүр зураг ажиглагджээ. Энэ бүхэнд дүгнэлт хийсний үндсэн дээр МХЕГ-аас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацааг хойшлуулах саналыг холбогдох газруудад хүргүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг сонирхсон этгээдэд  ил тод өгөхгүй байгаагийн дээр Монгол орны эрдэс баялгийг судлах чиг баримжаа тодорхойгүй байгаа гэсэн үндэслэлийг мөн МХЕГ-аас гаргаж буй ажээ. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор мэдээллийг ил тод болгохгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацааг түдгэлзүүлнэ гэдгээ дахин дахин өгүүлж байлаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж