Гримсвотн галт уул дэлбэрсэн учир Исланд агаарын орон зайгаа хаагаад байна. Тус орны нисэхийн гол аэропорт ажиллахаа болив.
Дараа нь энэ арлын орны агаарын орон зайг хэдэн цагийн турш бүрэн хаахаар болжээ. Энэ тухай Isavia компанийн төлөөлөгч Хьордис Гудмундсдоттир AFP агентлагт мэдэгдсэн байлаа. Салхи утаа тоосыг хойд зүгт хөөж байгаа учраас байдал өнгөрсөн жилийнхээс арай нааштай байгаа гэж хатагтай Гудмундсдоттир хэлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт нисгэгч Тор Кристинссон уг галт уулын орчим нислэг хийн зураг авсан юм. “Утаа униар өнгөрсөн жилийнхээс дутахгүй харагдаж байна. Ер нь бол түүнээс ч хүчтэй болж магадгүй” гэж тэрээр ярьжээ. “Гадаа өдөр эсвэл шөнө болж байгаа гэж хэлэхэд хэцүү л байна” хэмээн Исландын нэгэн фермер ням гаригт хэллээ.
Хамгийн сүүлд 2004 онд “сэрч” байсан Гримсвотн галт уулын мэдээ өнгөрсөн жилийн Эйяфьядлайокюдль гэх хэлэхэд хэцүү нэртэй Европын бүх нислэгийг хаалгаж байсан галт уулын дэлбэрэлтийг санагдуулж байна. Хойд Европт асар том үнсэн үүл хуралдан 2010 оны дөрөвдүгээр сарын нислэгийг хааж байсан юм. Онгоцны хөдөлгүүрт үнс орох аюултай байснаас Исланд, Финлянд, Швед, Дани, Норвеги, Бельги, Их Британийн нисэх буудлуудыг хааж байсан юм.
“Эрх баригчдын нислэг хаасан шийдвэрээс болж Европын нисэх компаниудад өдрийн 200 сая ам.долларын хохирол гарч байна. Европын эдийн засаг хэдэн тэрбум доллараар хохирч байна” хэмээн тэр үед Нисэхийн тээврийн олон улсын эвслийн мэдэгдэлд өгүүлж байлаа. Харин энэ удаа мэргэжилтнүүд байдлыг хөөргөн мэдээлэх гээд хэрэггүй хэмээн ярьж байна. Исландын Их сургуулийн геофизикч Пол Эйнарссон өнгөрсөн жилийн Эйяфьядлайокюдлийн дэлбэрэлт өөрөө онцлогтой байсныг хэлээд тэр галт уулын утаа, тоос агаараас буух нь удаан байсан гэв. Харин Гримсвотны утаа тоос арай бүдүүн, хүнд учир хурдан арилж нислэгийг удаан барихгүй гэжээ.
Reuters агентлаг долоон жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр ганц ч нисэх буудал хаагдаагүй гэж сануулж байна. Гримсвотн галт уул нь баруун хойд хэсгээрээ Европын томоохонд орох Ватнайёкюдль гэдэг мөсөн голоор хучигдсан байдаг. Зарим мэргэжилтнүүд галт уулын дэлбэрэлтээс болж үерт бууж магадгүй гэж байгаа гэнэ.