Иж бүрэн эмчилгээний төвийг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Иж бүрэн эмчилгээний төвийг хүлээлгэн өглөө

Өнгөрсөн онд МҮОНТ-ээс “Хямралын эсрэг хамтдаа” аяныг улс орон даяар зохион байгуулж, цугларсан хөрөнгөөр өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд 51 сая төгрөгийн өртөгтэй “Хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмчилгээний иж бүрэн төв”-ийг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Иж бүрэн эмчилгээнийтөвийг хүлээлгэн өгөх ёслолд ЭМ-ийн сайд С.Ламбаа, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат, МҮЭНХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал М.Наранбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатар нар оролцсон юм. Уг аяны хүрээнд цугларсан хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн дунд санал асуулга явуулахад эрүүл мэндийн салбарт хүүхдийн оношлогоо, эмчилгээнд зарцуулах нь зүйтэй гэж олонх иргэд саналаа ирүүлсэн байна. “Хямралын эсрэг хамтдаа” аянаар цугларсан хөрөнгийг зарцуулах асуудалд хяналт тавих үүрэг бүхий Олон нийтийн зөвлөлийг Монголын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, ахмад дипломатч Д.Цахилгаан, МҮОНРТ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн С.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Халдвар судлалын үндэсний төвийн хамт олны “Хүүхдийн эмчилгээний төв” төслийг шалгаруулан 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн энэхүү хүүдхдэд зориулсан иж бүрэн эмчилгээний тоноглол бүхий төвийг тохижуулж өгсөнд хүүхэд, эцэг эхчүүд, эмчлэгч эмч нар болоод тэнд ирсэн хүн бүхэн баяртай байлаа. Энэ хөрөнгөөр хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүдэд зориулсан иж бүрэн тохижуулсан зургаан ор бүхий хоёр өрөө, орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглосон эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн өрөө, тоглоомын өрөө, хүүхдийг асарч буй эцэг эх, эмч ажилчдын амралтын иж бүрэн өрөө зэрэг цогц төвийг байгуулан тохижуулсан байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хандив тусламж үзүүлсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүсийн төлөөлөл энэ ажиллагааны нээлтэд оролцсон юм. Дэлхий дахинд хорт хавдрын тохиолдол жилээс жилд өсөж байгаагийн нэгэн адил манай улсад ч өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд өссөөр байна. Манай улсад хорт хавдрын шинэ тохиолдол 2007 онд 3500 байсан бол өнгөрсөн онд 4122 болж өссөн байна. 2009 оны байдлаар тус төвд хорт хавдартай хүүхэд 109 оношлогдож, эмчийн хяналтанд эмчлүүлж байна. Хүүхдүүд ихэвчлэн цусны цагаан эсийн хавдар, нүд ба түүний дайвар эрхтний хавдар, гялтан ба зөөлөн эдийн хавадар, яс үе мөгөөрсний хавадр, тархины хавдрууд зонхилж байна. Хорт хавдрын эрсдэл, хавдрын эрт үед илрэх шинж тэмдгийн талаар хувь хүмүүсийн мэдлэг дээшилж, эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт хандах хандлаг нь нэмэгдэн оношлогооны хүчин чадал сайжирч байгаатай холбоотой байж болох талтай юм. Энэ үеэр тус эмнэлгийн туяа эмчилгээний тасгийн их эмч Г.Одонтуяагаас сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Шинээр тохижуулсан тасгийн хувьд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Үнэхээр сайхан байлгүй яахав. Өмнө нь бид чинь хүүхдэдээ нарийн эмчилгээг хийж байх явцад янз бүрийн хүндрэл гарах үед хүүхдээ тэврээд дээш давхар луу л гүйдэг байлаа. Хавдар судлалын үндэсний төвд хүүхдийн зориулалттай эмчилгээний тоног төхөөрөмж ерөөс байхгүй байсан. Өнөөдөр эмчүүлэгч хүүхдүүд маань ч гэсэн баяртай байна. Энэ эрчимт эмчилгээний иж бүрэн зориулалт бүхий тасаг бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан болохоор цаашид хүүхдүүдийн эмчилгээнд тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна.
-Манай улсад хүүхэд хорт хавдраар өвчлөх нь эрс ихсээд байна гэсэн. Энэ чухам юунаас шалтгаалж байгаа бол?
-Нийгмийн янз бүрийн сөрөг бухимдал, архидалт, хүнсний аюулгүй хэрэглээ алдагдсан зэргээс шалтгаалаад эхийн урагт байхдаа хавдрын шинж тэмдгийг ихэвчлэн авч байна. Мөн жирэмснээс хамгаалах янз бүрийн хэрэгслүүд ч үүнд нөлөөлж байгаа.
-Хавдраар өвчилсөн иргэд маань ихэвчлэн гадаад оронд эмчлүүлэх нь элбэг байгаа. Манай эмч нарын хувьд ур чадвар бусад орныхтой харьцуулахад ямар төвшинд байгаа вэ?
-Ер нь оношлогоо, эмчилгээний талд бол бид олон улсын хэмжээнд нэг их хоцорч яваа гэж бодохгүй байгаа. Харин хавдрын тархацыг хэдий хэмжээнд үсэрхийлж байгааг тодорхойлох тоног төхөөрөмж одоогоор Монголд алга. Хэрэв тийм тоног төхөөрөмжтэй байхад хэдийн хэмжээний тархацыг нь тогтоогоод эмчлэхэд бусдаас дутахгүй болсон гэдэгт санал нэгтэй байдаг.
Мөн энэ үеэр энэхүү төвийг байгуулах ажилд “Хямралын эсрэг хамтдаа” аяны олон нийтийн зөвөлөийн даргаар ажилласан Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн хорооны дарга Ганбаатар “Бид өнгөрсөн ардчиллын хорин жилд амь амиа бодож амьдарлаа. Харин энэ үйл ажиллагаанд улс даяараа бусдын төлөө сэтгэл гаргаж нэгдсэн бүх Монголчууддаа баярлалаа” гэж талархал илэрхийлсэн нь тэнд цугласан олны сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж