2007 онд тэрбээр Голдманы байгаль орчны шагналтан болж, Азиа төлөөлөн энэ шагналыг хүртэж байхдаа энгийн костюмаар гоёсон, үл ялиг улаа бутарсан хацартай хөдөө эрийн дүрээр олны танил болж байв. Үнэндээ ч гурван аймгийн нутгийг дайран урсдаг Онги гол тасарч, уул уурхайн ашиглалт хяналтаас гараад байх үед түүний идэвх зүтгэл цаг үеэ, нүдээ олсон эх оронч санаачилга байлаа. Түүний тэмцэл хил, хязгаар гэтлэн үнэлэгдсэнд нутаг ус, байгаль дэлхийгээ гэх нүүдэлчин монголчууд талархан угтсан юм.
Таван жилийн турш ажиллаж байж тэрбээр Онги голын ай савын гурван аймгийн найман суманд салбараа байгуулан 4000 орчим дэмжигч, гишүүдийг бүртгэж, энд тэнд үүсээд байсан байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнийхнийг эвсэл болон нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Бас ч чамгүй урт хугацааг үүнд зориулсан хэрэг. Үүний зэрэгцээ сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон байгаль хамгаалах, уул уурхайн хяналтгүй үйл ажиллагааг цэгцлэх тэмцлээ үргэлжүүлсээр үр дүнг нь ч үзсэн юм. Тухайн үед байгаль хамгаалагчдын дуу хоолой хууль тогтоох төвшинд хүрч, Онги гол дагуу олборлолт хийж байсан 37 уурхайн 35-ынх үйл ажиллагааг зогсоосон байдаг. Энэ бүхний үр дүнд тэрбээр 150 мянган ам.доллар дагалддаг олон улсын шагналыг хүртсэн юм.
Үүнээс хойш байгаль хамгаалах хөдөлгөөнүүд хэдэн арваараа байгуулагдаж, энэ хэрээр үнэ цэн нь ч буураад байгааг та бид мэдэх болсон. Уул уурхайн компаниудыг шантаажлан мөнгө салгах зорилготой л гэнэ. Улстөрчдийн гар, хөлд үйлчилдэг ташуур боллоо л гэнэ. Энэ нь зарим талаар үнэний ортой байх.
“Онги гол хөдөлгөөн-ийн санаачлагч Ц.Мөнхбаярын нэр хүнд ч үүнийг даган навс унасан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн зун л гэхэд тэрбээр уул уурхайн компанийн ажилтнууд руу буу шагайсан хэрэгт холбогдоод амжсан. Хуулийн хүрээнд иргэний хувиар үйл ажиллагаагаа явуулан нийгэмд нөлөөлж байсан түүний нэр хүнд өнөөдөр хаачив?
Энэ хаваржин талбайг эзэгнэсэн “Гал үндэстэн” холбоог тэр төлөөллөө. УИХ тар, Засгийн газар огцор гэсэн улстөржсөн шаардлагуудыг удаа дараа дээш шидсэн ч ямар нэг нөлөө үл мэдрэгдэнэ. Улстөрчдийн гар, хөл болж байна гэсэн нэр хоч л зүүгээд өнгөрөв. Нэгэнтээ энэ эр “Бид хүн төрөлхтөний ёроолгүй хэрэгцээнд байгаль ээжийнхээ хувь заяаг захируулж болохгүй. Эцсийн дүндээ энэ чинь бидний хувь заяа шүү дээ” гэж хэлж, түүний энэ ишлэл Голдманы шагналтны үзэл бодлын хэмжүүр болж байв. Харин тэрбээр өнөөдөр илүүтэй улстөржсөн шаардлага тавьж, түүнийхээ төлөө тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн хэмээн мэдэгдэж байна. Ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. Эрх мэдлийн төлөө биш байгаль дэлхийнхээ төлөө хуулийн хүрээнд улстөржилтгүйгээр урьдынхаараа тэмцэхэд нь юу болохгүй байсан юм бол доо?! Байгаль хамгаалагчдаа баяртай гэж хэлэх үү?