Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Лидер үү? Лойдор уу?

Төв азийн цээжинд орших Монгол Улс дэлхийн 200 гаруй орны дунд ямар байр суурьтай вэ? Хатавч хавьцаа сууна уу,  хойморт бидэнд зай байна уу? Италийн Милан хотноо болсон Ази, Европын дээд түвшний 10 дугаар уулзалтын үеэр Монгол Улсын төрийн тэргүүн хойморт суув. Хаалтын зурган дээр Еврокомиссын тэргүүн Хосе Мануэл Бароссогоос эхлээд ойрх цаг үед дэлхийн бодлогыг тодорхойлж буй лидерүүдийн голд зогсон патиардуулатхав. Сайн мэдээ.

Дэлхий ертөнцөд хүчний харьцаа өөрчлөгдөж, улс үндэстнүүд даяаршлын орчинд оршин тогтнохын тулд чимээгүй тэмцэл өрнөж буй энэ цаг үед Монгол Улс ч бас амбицаа илэрхийлж буй нь энэ.

Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн эдийн засгийн эргэлтийн тэн хагасаас илүү нь энэхүү дээд уулзалтанд оролцогч 53 оронд бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцийн тэн хагас, гэхдээ хамгийн иргэншиж, үйлдвэржсэн улсуудын тэргүүд хоёр жилийн дараа монголд цуглана гэсэн үг.  Миланд болсон уулзатанд л гэхэд 1000  гаруй компани 460 гаруй олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцжээ. Иймэрхүү уулзалтууд бодлого тодорхойлогч, их гүрнүүдийн хувьд тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцах, ганцаарчилсан уулзалтуудаар олон улсын харилцаан дахь тулгамдсан асуудлууддаа ахиц гаргах ач холбогдолтой бол манайх шиг жижиг орны хувьд, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлж, тэлэх, үндэстний имижээ өргөх боломж байдаг. Монгол Улс ч энэ боломжийг сайтар ашиглаж чадсаныг албаны эх сурвалжууд онцолж байна. Орчин үед лидер үү, лойдор уу? гэдгийг дан ганц эдийн засаг, зэр зэвсэгийн нөөц бололцооноос гадна оролцоо, идэвхи санаачилга, оновчтой шийдэл гаргах хурд тодорхойлох болжээ.

Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх тухай Сингапур, Францын удирдагчдын 1994 онд гаргасан санаачилгын дагуу АСЕМ-ын анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны 3 дугаар сард Бангкок хотноо болсноор хамтын ажиллагааны уг механизм байгуулагдсан. Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх  зорилготой албан бус үйл явц бөгөөд Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан, Энэтхэг, Япон, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар болон Европын Холбооны гишүүн 27 орон, Европын Комисс гишүүнээр нь ажиллаж байна.

Хорьдугаар зууны сүүлийн хорин жилд АНУ тэргүүтэй их гүрнүүд “Зөөлөн хүч” гэгч бодлогыг олон улсын харилцаанд баримтлах болсон. Харин саяхнаас манай хоёр их хөрш энэ бодлогыг бодит утгаар нь хэрэгжүүлж, нэлээдгүй үр дүнд хүрч байгаа. Энх тайванч өсөлт, тайван дэлхий зэрэг эерэг малгайн дор хэрэгжиж буй их гүрнүүдийн бодлогыг дагаад хүн төрөлхтөн урьд байгаагүй амар жимэр орчинд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ үүний цаана үндэстнүүдийн хооронд эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэхээс эхлээд олон улсын тавцан дахь нөлөөгөө тэлэх чимээгүй өрсөлдөөн өрнөж байгаа. Энэ бүхэнд Монгол Улс ажиглагчийн байр сууринаас бус, идэвхтэй оролцогчийн үүднээс оролцох болсоныг сүүлийн жилүүдэд манайд болсон чуулга уулзалтууд, улс орнуудын хандлагаас харж болно. Энэ зөвхөн хэдэн улс төрчидөд хэрэгтэй юм биш, ард түмэнд хэрэгтэй юм. Улсын нэр хүнд гэдэг дэлхийн тавцан хөлсөө урсган ноцолдож буй бөх, бизнес төслөө сугавчлаад тив алгасан нисэж буй бизнесмен, харь хэлтнүүдийн дүнд соёмботой паспортоо атгаад алхаж яваа энгийн монголын алинд нь хамаатай асуудал.

Монголчууд угаас цөс ихтэй, түрхрэн хөдөлсөн цагтаа ямар ч үйлийг бүтээдэгийг хорьдугаар зуунд хийсэн гурван хувьсгал гэрчилнэ. Бид солонгосын үсрэнгүй хөгжлийн талаар шагшин ярьцгаадаг. Чин үнэндээ Монгол Улс ч ялгаагүй зуу хүрэхгүй жилийн дотор мөхлийн ирмэг дээр байсан эсгий туургатны улсаас хагас үйлдвэржсэн орон болтлоо үсрэнгүй хөгжсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Үүний цаана улс үндэстний хүчирхэг тэмүүлэл, өдөөх хүчин зүйлүүд байжээ.

NLP буюу Neuro Linguistic Programming гэж ойлголт бий. Өдөөгч хүчин зүйлүүдийг ашиглан нийгмийг залах явдалыг ийн томъёолж судлах болсон нь саяхны явдал бус. NLP-г популист жишээн дээр тайлбарлах нь бий ч зөв өнцгөөс, зөв хэрэглэж чадвал амжилтанд хүрдгий жишээ нь өнөөх л Өмнөд Солонгост байна. 1976 оны Монреалын олимдоос манай домогт бөх З.Ойдов үндэсний шигшээ багаасаа цорын ганц мөнгөн медаль хүртсэн. З.Ойдов энэ олимпоос алтан медаль авах бүрэн боломжтой байсан ч, солонгосын бөх Ян Жун Мод АНУ-ын тамирчин зориудаар цэвэр ялагдсанаар  тэд олимпоос анхны алтан медалиа зүүсэн байдаг. Энэ алтан медаль солонгосчуудад хэрхэн нөлөөлснийг 1976 оноос хойших БНСУ-ын эдийн засгийн өсөлт харуулна. Гэнэхэн тайлбар байлаа ч энэ бол баримт. Булганы Сайханы хүү Н.Түвшинбаяр монголчуудыг хэрхэн сэрээснийг бид мэднэ. Илт давамгай ялж буй боксчиныхоо ялалтыг хормыг бид хөлчүү удирдагчидтайгаа хамт тоолон баяссан тэр өдрүүдээс хойш монгол хүний аливаад хандах хандлага, улсын хөгжил ч хэр эрчимжсэнийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Бух шарнуудтай хамт бэлчиж буй тугал мэт л санадаг байсан эх орноо монголчууд бид арай л өөр нүдээр харах болсон.

Өдгөө бидэнд эдийн засгийн хүндрэлээ даван туулах, төр ард түмний хооронд үүсээд буй үл итгэлцлийн ангалыг ойртуулж, үндэстний итгэлцэлийг эргүүлэн авчрах үйл явдал хэрэгтэй байна.  Милан хотноо болсон чуулганаас зохион байгуулах эрхийг нь авсан Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд 11 дүгээр дээд уулзалт бол энэ зорилтыг хангах том боломж. Бидэнд хамгийн ойр буй эерэг NLP.

АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр буюу форум юм. Энэ индэрээс улс төрийн хэвшмэл үгсээс гадна хөгжил дэвшилийн шинэ арга, зам эрэлхийлэлийн талаарх есөн жорын санааг олж сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл дэлхийн цараатай бодлого, үзэл бодол, шийдэлийг бид амьдаар нь олж сонсоно. Хамгийн гол нь чуулганыг зохион байгуулахад үндэсний төрийн бус байгууллагуудын хүчийг дайчлах хэрэгтэй юм. Хэрэв уулзалтыг нийтээрээ хөдөлж, амжилттай зохион байгуулж чадвал ам уралдан ярьцгаадаг даяаршлын бодит төрхийг монгол хүн бүр олж харахаас гадна дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүнд нэг шатаар ахих болно. Асуудалтай нүүр тулж, өрсөлдөгчидтэйгээ гар барин өмнөөс нь инээмсэглэж байж л бид өөрсдийн байх орон зайгаа тодорхойлох нь зүй.

Хэдэн дарга нар ирээд явна л биз, бидэнд юуны хүртээл байх вэ гэж хэлэх хүмүүс байна. Өмнө нь манайд болж өнгөрсөн Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурал зэрэг арга хэмжээнүүдээс уулзалт цар хүрээ, нэр хүндээрээ хавьгүй илүү гэдгийг албаны эх сурвалжууд ам нээх бүртээ хэлж байгаа. Олон улсын харилцааг  бид өнөө маргаашаа харсан сандал суудлын сөргөлдөөнтэйгээ адилаар харж болохгүй. Урт хугацааны бодлого, эерэг хандлага энд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд, хэн санаачлагатай байж, хэн алсыг харж чадсан нь он удсаны дараа байр сууриа хадгалан үлдэж, нөлөөгөө тэлэх болно. Ерөнхийлөгч Ц.Элбэдоржийн нэгэнтээ хэлж байсанчлан, “цаг хугацаа бол түүхийн шүүгч, түүний өмнө бид толгой өндөр очих ёстой”. Хойч үедээ бид толгой өндөр, лидер улсыг өвлүүлэх үү, их гүрнүүдийг хормойдсон лойдоруудын орныг өвлүүлэх үү? Олон хүчин зүйл биднийг лидерийн тавцангаас түлхэж байж болно. Гэхдээ лойдор л байж болохгүй.

Я.БАЯР

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж