Сенатор нь хуульч Сергей Магнитскийн ам насыг хөнөөсөн хэрэгт холбоотой гэх сэжиг бүхий Оросын 60 албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж, Кардины жагсаалт гэж нэрлэгдээд байгаа юм Тэрээр 2010 оны намар уг жагсаалтад багтсан хүмүүст хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-д санал болгон Сергей Магнитскийд хамаарах хууль ёсны тухай гэсэн хуулийн төслийг Конгресст оруулж байсан юм.
Хамтарч Шинэ жагсаалт гаргана
Одоогоор “Сергей Магнитский. Хуулийн дээдлэл ба хариуцлага” гэж нэрлээд байгаа Кардины шинэ хуулийн төсөл нь өмнөхөөсөө эрс ялгаатай. Орост зөвхөн Сергей Магнитскийн хэрэг төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчих тохиолдол их гардаг. Тиймээс ийм үйлдэл гаргаж байгаа хүн бүр АНУ хориг тавин, санхүүгийн данс, хөрөнгийг хаах саналыг энэ удаа сенатор тавьжээ.
Өмнөхөөсөө бас нэг өөр зүйл нь энэ хуулийн төсөлд бэлэн жагсаалт байхгүй байна. Баримтад ерөнхийлөгч Дмитрий Медведевийн авлигын эсрэг мэдэгдлээс иш татсаныг эс тооцвол тэнд ганцхан албан тушаалтны нэр байгаа. Хуулийн төсөлд Пол Хлебников, Анна Политковская ба хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Наталья Эстемирова, Умара Исраилова нарын аллагыг дурьдаад Вера Трифоноваг тарчлаан тамлаж үхэлд хүргэсэн гэж буруутгасан Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын нэрийг гаргасан байна. Мөн Михаил Ходорковский, Платан Лебедев нарыг хоёр дахь удаагаа шүүсэн хэргийг ч дурдан “Оросын Засгийн газар болон Чеченийн лидер Рамзан Кадыровын зөрчлийг илчлэхэд ноцтой аюул дагалдаж байгааг харуулж байна” гэж Кардин тэмдэглэжээ.
Энэ удаа сенатор уг жагсаалтыг хамтран гаргаж байх санааг дэвшүүллээ.Түүний үзэж байгаагаар хуулийн төсөл батлагдсанаас хойш 90 хоногийн дотор Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гайтнер нарт жагсаалтад оруулах хүмүүсийн нэрсээ конгрессменүүд өгөх ёстой гэнэ. Энэ хугацаа дуусангууд Төрийн департамент Орост хүний эрх зөрчиж байгаа албан тушаалтнуудын жагсаалтыг хэвлүүлэн гаргах ёстой гэнэ. Уг жагсаалтыг шаардлагын дагуу өргөжүүлж болно гэнэ.
Хуулийн төсөлд сенаторууд хар жагсаалтад оруулах хүмүүсийг ямар шалгуураар авахыг зааж өгсөн байна. Кардины бичсэнээр хүн амины хэрэгт холбоотой, Оросын эрх баригчдын хууль бус ажиллагааг ил тодоор илчлэх гэсэн, хүний түгээмэл эрхийг шаардсан хүмүүсийг тамлан байцаасан болон бусад аргаар хүний эрхийг зөрчигсөдөд хориг тавих ёстой гэнэ.
Рамзан Кадыров АНУ-ын хар жагсаалтад бичигджээ
Олон улсын шүтэн бишрэх эрх чөлөөний асуудал хариуцдаг АНУ-ын комисс (USCIRF) гурав дахь удаагаа Оросыг шүтэн бишрэх эрх чөлөө хязгаарлагдмал орнуудын тоонд оруулжээ. Үүний зэрэгцээ тус комисс АНУ-ын Засгийн газарт хандан Рамзан Кадыровыг улс орондоо ирэхийг хориглох санал гаргаж, Европын эрх баригчдыг ч мөн ийм арга хэмжээ авахыг уриалжээ. Кадыров өмнө нь АНУ-ыг мусульманчуудыг мөрдөн мөшгөж, исламын нандин шүтээнийг сүйтгэгч хэмээгээд АНУ байтугай барууны орнуудад очих хүсэл байхгүй гэж байсан юм.
Олон улсын шүтэн бишрэх эрх чөлөөний асуудал хариуцдаг АНУ-ын комисс (USCIRF) хүний чөлөөтэй сүсэглэх эрхийг хязгаарласан орнуудын тухай жил тутмын Оросын нэр 1999 оноос хойш дурьдагдаж ирсэн бөгөөд гурав дахь удаагаа дараалан онцгой ажиглалтын жагсаалтдаа оруулсан байна. “Орос дахь шашин шүтлэгийн эрх чөлөө улам муудсаар байна” гэж шинжээчид дүгнэжээ.
Кардин “Оросын жинхэнэ эх орончдыг” олжээ
Хуулийн төслийнхөө талаар тэрээр Конгресст танилцуулахдаа өнөөгийн Оросын нийгэм нь жинхэнэ эх орончдоос гадна шунахай сэтгэлээр баяжих гэсэн хүмүүсээс бүрэлдэж байна гэв. “Энэ түүх нь өнөөгийн Оросын хоёр нүүр царайг бүр тодруулбал хоёр толгойтой бүргэдийг нь харуулж байна. Орос ирээдүйд хэнд очих вэ? Евгения Чирикова, Алексей Навальный, Олег Орлов мэтийн олон эр зоригтнууд, эх орондоо хайртай авлигыг илчлэгч, хүний эрхийг сахиулахын төлөө тэмцэгч нарт уу эсвэл иргэдээ тонон сүйтгэж байгаа хэсэгт нь үү?” гэж Кардин хэлсэн байв.
Кардины хуулийн төслийг Конгресс дахь хоёр намын сенаторууд: Келли Айотт, Марк Бегич, Ричард Блюменталь, Мак Жохансон, Марк Кирк, Жон Кайл, Жозеф Либерман, Жон Маккейн, Марко Рубио, Шелдон Уайтхауз, Рожер Викер, Жейн Шахин, Дик Дарбин нар дэмжиж байна.
“Ийм өргөн дэмжлэг нь хуулийг хурдан батлах боломжийг олгоно” гэж Сергей Магнитский хэрэгт хуулийн зөвлөмж өгдөг байсан “Hermitage Capital” компани дүгнэж байна. Уг компанийн төлөөлөгч “Албан бус мэдээгээр энэ хууль нь батлагдвал Жексон-Вэникийн засвар гэх иргэдийн цагаачлах эрхийг хорьсон орнуудтай худалдаа хийхийг хязгаарласан нэлээд эртний хоригийн хуулийг орлох гэнэ. Уг хуулинд Зөвлөлтөөс цагаач нарыг гаргахыг шаардаж байсан бол энэ хуулинд харин эсрэгээр АНУ руу зорчихыг нь хориглох болж байна.
“Hermitage Сapital” компанийн тэргүүн Уильям Браудер Оросын авлигад идэгдсэн эрх тушаалтнуудын эсрэг чиглэгдсэн ийм хууль АНУ-д батлах гэж байгаад нь баяр хүргэж буй. “Бид хэзээ ч Сергей Магнитскийг буцаагаад сэргээж чадахгүй. Гэхдээ бид түүний амь насаа өгсөн үзэл бодлынх нь төлөө байж чадах ёстой. Түүний нэртэй хуулийн төсөл хүний амьдралыг хөнөөж, хувь тавилангаар нь тоглосон, эрх дураараа загнасан албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ болно. Энэ бол Сергейн дурсгалд зориулсан өчүүхэн алхам бөгөөд Оросын шударга бус үйлдэлд хохирогчдод сэтгэл санааны том дэмжлэг болно” гэж Браудер сэтгүүлчдэд ярьжээ.
Сергей Магнитскийн хэрэг
Британийн аудитийн “Firestone Duncan” компанийн хуульч Сергей Магнитский нь “Hermitage Capital” санд ажиллаж байсан бөгөөд өмгөөлөгч Эдуард Хайретдиновын хэрэгт 2008 онд гэрч болсон. Тэд Оросын хэсэг албан тушаалтнууд Hermitage-ийн тамга тэмдгийг хураан авч өөрсдийн компаниудыг дахин бүртгэж татварын мөнгө угаах авлигын системдээ ашигласныг батлахаар оролдсон юм. Гэмт хэрэгтнүүд 5,4 тэрбум рублийн татварыг хууль бусаар завшсан байлаа. Гэтэл Магнитскийг Дотоод хэргийн яамны ажилтнууд 2008 оны арваннэгдүгээр сард баривчилжээ. Түүнийг бараг нэг жил “Матросская Тишина” хорих төвд шүүхгүйгээр хорив. 2009 оны долдугаар сард шоронгийн эмч түүнийг цөс чулуужсан гэж оншилсон ч эмнэлгийн тусламжийг үзүүлэхээс албан тушаалтнууд татгалзсан байсан юм.
Магнитский 2009 оны аравдугаар сарын 13-нд авлигын системийн талаар мэдүүлэг өгөөд ДХЯ түүнийг барьцааны хүн болгон тогтмол тамлан байцааж байсныг шүүхэд ярьсан байна. Шүүх түүний мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Сергей Магнитский 2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд Москвагийн урьдчилан хорих төвд нас барсан юм.