1,5 тэрбум төгрөгөөр хөрс цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

1,5 тэрбум төгрөгөөр хөрс цэвэрлэнэ

Өвлийн улиралд утаатай тэмцдэг байсан бол урин цаг эхлэхтэй зэрэгцээд Улаанбаатар хотод хөрсний бохирдол гэсэн аюул босч ирдэг. Нийслэлийн хөрсний 80 хувь нь байх ёстой хэмжээнээсээ зургаа дахин бохирдсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага хийжээ.  Үүний гол шалтгаан нь гэр хорооллын жорлон, муу усны нүх. Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн нэгээс -дөрөвдүгээр сард нийслэлийн гэр хорооллын бие засах газар, бохирын цооногт судалгаа хийсэн. Ингээд  хотын захиргаанаас  Мянганы сорилтын сантай хамтран микро организмтай ариутгалын бодисыг айл бүрийн жорлонд цацахаар болжээ.  Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны хөрс, усны  бохирдол хариуцсан мэргэжилтэн Ш.Чанцалнурмаагаас  тодрууллаа.

-Нийслэлийн хөрсний 80 гаруй хувь нь бохирдсон гэсэн судалгаа гарсан. Үүнд нөлөөлөх гол зүйл нь юу байна вэ?   

-Хөрсний бохирдолд нөлөөлж байгаа гол зүйл нь энэ гэхэд хэцүү. Дулааны улиралд гэр хорооллын бохирын үнэр ойр орчимд нь үнэртдгийг хэн ч мэднэ. Тиймээс энэ нь нөлөөлж буй зүйлийн нэг гээд шууд хэлчихэд болно. Тэр дундаа нийслэлийн иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдардаг энэ үед бохир хөрсөнд тархах нь их байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын ажлын албанаас бохирдлыг ирэх он гэхэд багасгах зорилгоор хоёр үе шаттай ариутгал хийх гэж байгаа. Өмнө нь хлорминоор ариутгадаг байсан.  Гэтэл хлорминийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний биед хортой гэж хориглосон байдаг. Одоо ариутгах гэж байгаа бодис нь  өтгөн, бохирыг биологийн бордоо болгодог.

-Ариутгалын бодисыг хаанаас авч байгаа вэ?

-Дотоодын үйлдвэрлэдэг энэ бодисоор ариутгахад нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн.  Энэ ариутгалын бодис нь шинэлэг технологи. Хүний биед ямар ч нөлөөгүй, ураг, эсийн төвшинд ч нөлөөлөхгүй.  Ариутгаад зогсохгүй агаарт дэгдэх, аммиак, шивтэрийн хийг бууруулах, дэгдэлтийг зогсоох үйлчилгээтэй. Мөн ил задгай жорлонгийн бохирыг задлаж, бордоо болгодог. Захирагчийн ажлыг албанааас  өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард  Гандангийн гэр хорооллын Туулын 1-9 дүгээр гудамжинд туршилт хийсэн. Үүний дараа өнгөн хөрснөөс дээж авч шалгахад үр дүнтэй байсан. Тиймээс энэ жил нийслэл даяар ашиглахаар болсон. Уг бодисыг эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүргийн 180 мянга айлын муу усны нүхэнд хийхээр болсон

-Ариутгалыг хаанаас эхлэх вэ?

-Тамир эм гэдэг нэртэй ариутгалын бодисыг ОХУ-ын патенттай “Ирвэс интер трейд” ХХК үйлдвэрлэдэг.  Айл бүрт ариутгал хийх тул тодорхой зохион байгуулалттай ажиллана. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй найман компанийг шалгаруулж энэ ажлыг гүйцэтгүүлнэ.  Харин айл бүрт хүрч байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байцаагч, хэсгийн ахлагч, мөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хяналт тавихаар яригдаж байгаа. Дараагийн ээлж нь намар газар хөлдөхөөс өмнө хийхээр төлөвлөсөн. Мөн ирэх зун гэхэд хөрсний бохирдлоос салахад багагүй нэмэр болно.

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж