Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдыг “Ардын эрх” сонин 2006 оны “Оны хүн”-ээр нэрлэж байна. Түүний хувьд өнгөрсөн жил маш том шалгуур давж, их улс төрд өсч, уруудаж, үүнийхээ хэрээр сайлуулж, муулуулж, олон нийт, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг өөртөө татаж байсан юм.
Улс төрийн том хүчний удирдагчийнхаа хувьд нэр хүнд, рейтинг нь сайнгүй, намынхаа доторх асуудлыг ардчилсан бус замаар шийдвэрлэдэг, өөрийнхөө тэргүүлж буй Засгийн газрын танхимаа ч сул удирддаг гэх мэт шүүмжлэл түүнийг дагалддаг. Гэвч нөгөө талаас энэ эрхмийн Улаанбаатар хотын даргаас МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл шууд дэвшсэн нь яах аргагүй содон үйл явдал.
Өнөөгийн засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр төсөлд мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж болох авч ард түмний таашаалд нийцэж буй нь маргашгүй үнэн.
Түүний толгойлсон Засгийн газар урьд өмнө байгаагүй тааламжтай нөхцөлд ажиллаж, улсын төсөв анх удаа алдагдалгүй гарч, үүний хэрээр нийгмийн халамжийн асуудлуудыг шийдвэрлэх боломж гарч ирж байгаагаараа тэр үнэхээр азтан хүн. Өнгөрсөн он үнэхээр М.Энхболдынх байж, Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд заларч, тэр олон түмний итгэлийг хүлээж, зэмлэлийг ч сонссон. Энэ утгаараа “АЭ” түүнийг “Оны хүн”-ээрээ нэрлэж байна.
“Ардын эрх” сонин. 2006 он