Урин цаг наашилж байхад утаа униар дунд өвөлжсөн Улаанбаатарын маань өнгө бас саарал хэвээр. Зуны эхэн сар шувтарч байна. Замын хажуугаар нүцгэн шахуу модод харагдах ч ногоорсон нь нэн ховор. Хаашаа л харна зам дагуу ухаад орхисон нүх, энхэл донхол болгон овоолсон шороо, хатсан эсвэл булга татаад нүд аниулсан мод үзэгдэнэ. Яах вэ, шинэ тарьсан өнгө муухан суулгац энэ тэрхэн хаа нэгтээ үзэгдэх ч зарим нь эхнээсээ үхэж хорчийж эхэлсэн нь зүрх сэмлэм. Өнөө өнгөрсөн жилийн өдийд хэчнээн сая төгрөг зарцуулсан усан оргилуурууд хаачив. Өдийд л амь орж, хүн зоны сэтгэлийг сэргээж байх ёстойсон биш бил үү.
Хэдэн мянган мод тарив даа, сүүлийн хэдэн жил. Түүнээс нь хэдэн арав нь харин ургасан бол оо. Зам засварын ажил хийх үеэс л түүний дагуух тохижуулсан зүлэг талбайг тоосоор дарж орхино. Хотын төвийг чимэх хэдэн модод өдийд нахиалж амжаагүй л харагдана. Өвлийн утаа тортогт амьсгалах “эрхтэн” битүүрчихээд амьсгаа авч, амьдарч чадахгүй, үхчихэж ч болохгүй болсон нь тэр гэнэ лээ. Уг нь нүх сүвийг нь онгойтол усаар шүршээд өгвөл хэдэн өдрийн наранд өнгө ороод ирэх юм гэсэн. Хараад өгье гэхнээ хотын аль ч дүүрэгт сэтгэл хөдөлгөмөөр тохижолттой хороолол энэ байна гэх газар, албан байгууллага, айл өрх алга. Хэдэн суулгац газарт булж, ногоон байгууламжтай, хачин сайхан хороолол гэх мэтээр өөрсдийгөө сурталчилж, оршин суугчдаа татах барилгын компани олон болж. Өнгөрсөн жил тарьсан мод нь ургахаас ургахгүй нь их. Арчилгаа дутагдсных уу, хөрсөндөө зохицоогүй юу, бүү мэд. Хүүхдээ салхилуулах тоглоомын талбай ч алга. Ирэх жилээс мод нь ургана хөөрхий, бас хүүхдийн тоглоомоо удахгүй бариад өгчихнө гайгүй гэсэн тооцооллоор сэтгэлээ хуурч эдгээр барилгуудыг Улсын комисс хүлээж авдаггүй л байлтай. Нөгөөтэйгүүр иргэдийн орчноо тохижуулахаар зүлэгжүүлж, жимсний мод тарьсан талбайг хэн нэгний зөвшөөрлөөр хашаа хатгаж, ухаж сэндийчээд байхаар хэнд таатай байх билээ. Яг ийм байдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Тус дүүрэгт өнгөрсөн жил Чингисийн өргөн чөлөөний тохижолтод зарцуулсан 550 сая төгрөгөө хиймэл цэцэг, хэдэн гэрэлтүүлгээр “нүд хуурсан”. Ганц Хан-Уул ч бус бусад бүх дүүрэгт иймэрхүү хиймэл тохижилт бишгүй олон хийсэн. Энэ мэт байдлаар нэг нь хийсэн, нөгөөх нь хянасан дүр үзүүлж, бас нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь баллуурдах маягаар хот тохижилтын асуудлыг шийдвэрлэнэ гэхэд бэрх.
Нөгөө талаар жил бүр мод тарина, хотоо ногооруулна хэмээн сүржин даржин ажил эхлүүлдэг боловч 1980-аад онд хотын төв замын дагуу тарьсан хэдэн улиаснаас өөр нэмээд ногооруулсан зүлэг, талбай гэвэл бараг л үгүй дээ. Өнөөдөр хийсэн ажлаа, маргааш үгүйсгэж, өчнөөн төчнөөн хөрөнгө, хөдөлмөр үнэгүйдлүүлдэг зуршлаас салцгаая. Анхнаасаа л зураг төслөө боловсруулж, газар худалдан авах үест ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайн хамт ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн ам өчгийнх нь дагуу хүлээж аваагүй мэргэжлийн хяналт, хотын захиргааны эрх мэдэлтнүүдтэй нь хариуцлага тооцохгүйгээр хот тохижуулах ажил үр дүнгээ өгөх нь юу л бол.
Манай иргэд ч орчноо тохижуулах тал дээр тааруухан гэдэг оргүй үг биш ээ. Хөгжингүй орнуудад иргэд өөрсдийнхөө амьдарч байгаа газраа ногоон орчин бүрдүүлэхэд илүү анхаарал хандуулдаг юм билээ. Гэтэл манайд нэгнээсээ өрссөн үнэ ханштай хауст амьдрахын төлөөх холын тэмцэлд морддог. Албан байгууллага ч мөн адил. Түүний оронд хэд гурван тарьсан модондоо хашаа, хайс тойруулж, цэцгийн мандлаа өглөө ажилд гарахаас өмнө нэг услаад байхад л их хөдөлмөр орохгүй шүү дээ. Үүнээс гадна эрүүл мэнддээ хэчнээн их хөрөнгө оруулалт хийх талаар ухаардаг ч болоосой. Би нийслэл хотоо тохижуулах бус саармагжуулсаар байвал ирээдүй минь энэ хэвээр “саарал” байх вий гэх өөрийн эрхгүй эмээх юм. Цэгцтэй, цэмцгэр хотод цэвэрхэн амьдрахыг мөрөөдөггүй хэн байх билээ. Мөрөөдөх бус өнөөдрөөс мөрөөдлөө хэрэгжүүлж эхэлбэл ямар вэ.