&#34Хөх луу&#34-гийн хүрхрэлт

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

&#34Хөх луу&#34-гийн хүрхрэлт

Асашёорюүгийн амжилт, Асашёорюүгийн ялалт, түүний омог бардам зан, сэтгэлийн хат, тэвчээрээс монгол хүмүүс сэтгэлийн цэнгэл эдэлж чаддаг.

Япончууд үндэсний спорт сүмодоо гадагшаа чиглэсэн бодлого явуулж, түүндээ бөхийн унаган орны залуусыг татаж оруулснаар сүмогоо дэлхий нийтийн сонирхолд илүү таашаалтай болгож байна. Асашёорюү яг энэ үед олны анхаарал татах хурц, эрэмгий характергүй, хэвшмэл, уйтгартай барилдааны хэв маягийг нь эвдэж, даваа, бэрхшээл бүрийг сөрж давсан амжилтаараа Монголоо дэлхийд сурталчилж эхэллээ.

Түүний шүд зуун зүтгэсэн их хөлсний үнэ цэнээр олон зуун жилийн түүхтэй, олон хүчит аваргатай сүмогийн ертөнцийн энэ цаг үеийн хойморийг өнөөдөр монгол эзлэн сууж байна.

2003 онд мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозуна цолтноор тодорч, Монголын сүмочдын анхны аварга болсон Асашёорюү Акинори 2004 оны тэмцээнийг эрч хүчтэй эхлүүлж, эхний хоёр башёд нэг ч уналгүй түрүүлсэн нь мэргэжлийн сүмод сүүлийн хэдэн жил үзэгдээгүй амжилт байв. Мөн тэр энэ жил дараалсан давааны тоогоо 35 хүргэж, бас нэгэн шинэ амжилт тогтоолоо.

Өнөөдөр монгол хүн бүр сондгой тоотой сарыг хүлээн, их аваргынхаа барилдааныг шимтэн үзэж, шүтэн баясч байна. Монголын телевизүүд бараг бүгд сүмогийн башёг шууд дамжуулдаг болжээ. Саяхан л сэтгэлд тэгтэл ойр байгаагүй энэ спорт ярианы, үзвэрийн, өдөр бүрийн халуун сэдэв болсон нь их аваргын эрэмгий, дайчин, уран барилдаантай холбоотой нь гарцаагүй.

Монголыг дэлхийд алдаршуулж яваа хүчит аварга Асашёорюүг анхны “Оны хүн”-ээр нэрлэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж