Европын холбооны гадаад хэргийн сайд нар өчигдөр /XI.17/ Брюссельд ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах асуудлыг авч хэлэлцлээ. Гэвч сайд нарын санал зөрөлдөж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо чангатгахын оронд Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын эсрэг анхаарлаа хандуулахаар тохиролцжээ. Украины зүүн хэсгийн зөрчилд буруутгагдаж буй ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах асуудал Европын холбооны парламентад ширүүн маргаан дагуулж, сайд нарын санал хуваагдсан байна. Крымын хойг Украинаас салж, Кремльд нэгдсэний дараа АНУ, Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ. Европын холбооны хоригийн улмаас ОХУ болон Украины албаны 120 хүний виз цуцлагдаж, гадаад дахь хөрөнгө нь битүүмжлэгджээ.
Украины зүүн хэсэгт үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний улмаас 4000 гаруй хүн амь үрэгдээд буй юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Донбасст Украины зургаан цэрэг, гурван цагдаа амь үрэгдсэн болохыг Киевийн албаныхан мэдээлэв. Украины зүүн хэсгийн Оросыг дэмжигчид Киевийн шинэ Засгийн газрыг эсэргүүцэн тусгаар тогтнож, улмаар ОХУ-д нэгдэхээр тэмцэж буй юм. Украины Засгийн газар болон зүүн хэсгийн салан тусгаарлагчдын хооронд өнгөрсөн есдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулсан боловч хэрэгжилт муу байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС