Сьерра-Леоноос АНУ-д авчирсан эмч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Сьерра-Леоноос АНУ-д авчирсан эмч нас баржээ

 

Сьерра-Леоне улсаас өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Небраска муж улсын эмнэлэгт шилжүүлэн авчирсан мэс заслын эмч Эбола вирусын халдвараар нас баржээ. 44 настай мэс заслын эмч Мартин Салиаг өнгөрсөн бямба гаригт / ХI.15/ АНУ-д авчрах үед биеийн байдал нь хүнд, алхаж ч чадахгүй байсан аж. Тэрээр өчигдөр /ХI.17/ Небраска муж улсын Омаха хотын эмнэлэгт нас барсан байна. Ийнхүү АНУ-д Эбола вирусээр 10 хүн өвчилсний хоёр нь нас баржээ. Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Либери гаралтай Томас эрик Данкан гэгч АНУ-д Эбола вирусын халдвараар нас барсан билээ.

 

Эбола вирусын халдвараар 5000 гаруй хүн амь үрэгдэж, 13 мянга гаруй хүн өвчлөөд буй юм. Эбола вирусын халдвар Баруун Африкийн Гвиней улсад гарч хөрш Либери, Сьерра-Леоне, Сенегал, Нигери, Конго, Мали улсад тархсан билээ. Үүнээс Сенегал, Нигери  улс Эбола вирусын халдвараас бүрэн ангижраад байгаа юм. Мөн Конго улсын албаныхан өнгөрсөн долоо хоногт /XI.15/ Эбола вирусын халдвараас ангижирсан гэдгээ зарласан байна. Үүний зэрэгцээ Либери улсад Эбола вирусын халдварын тархалт буурч, өнгөрсөн ням гаригт /XI.16/ онц байдлаа цуцалсан байна. Либерийн Ерөнхийлөгч сарын дараа болох Зул сарын баяраас өмнө Эбола вирусын халдвараас ангижирах найдлага тавьж буй аж. Эбола вирусын халдвар сүүлийн 42 хоногт шинээр бүртгэгдээгүй бол өвчнөөс ангижирсан гэж үздэг аж. Эбола вирусын халдварын нууц үе 21 хоног байдаг гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж