Европын аваргын урьдчилсан шатны Н хэсэгт багтсан Итали болон Хорватын хүчирхэг багууд дөрөвдүгээр тойрогт учраа тааран тоглолоо. Гурван тойргын дараах байдлаар адил есөн оноотой байсан хоёр баг дөрөвдүгээр тойрогт 1:1-ээр тэнцсэнээр адил 10 оноотой боллоо.
Италд болсон энэхүү тоглолтын үеэр Хорватын фэнүүд галт цацруулагч тавьж, цэнгэлдэхэд утаа униар үүсгэснээс болж тоглолт хэсэг завсарласан ч шүүгч хойшлуулалгүйгээр дахин тоглуулсан. Энэхүү тоглолтын 11 дэх минутад Кандрева гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 15 дахь минутад Перишич хариуг нь барьсан юм.
Тэгвэл тэргүүлэгчдийн араас нэхэж байгаа Норвегийн шигшээ баг дөрөвдүгээр тойрогт Азербайжаны талбайд зочлон тоглолоо. Энэ тулаанд зочид өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авсанаар есөн оноотой болж, шил дарж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 25 дахь минутад Нордвейт оруулжээ.
Энэ хэсгийн нөгөө нэг тоглолт Болгар болон Мальтын шигшээ багийн хооронд болж, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын зургаа дахь минутад Галабинов гоолдож, тооны харьцааг нээсэн бол 49 дэх минутад Фейлла тэнцүүлжээ. Ийн дөрвөн тойргийн дараах байдлаа Хорват, Итали 10 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Норвеги есөн оноотой нэхэж байна. Харин Болгар ердөө дөрөв, Мальт нэг оноотой яваа бол Азербайжан ганц ч оноо авч чадаагүй явна.
Ч.БОЛОР