Израилийн галзуурал үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Израилийн галзуурал үргэлжилсээр

Евро-2016 тэмцээний урьдчилсан шатанд итгэмээргүй үр дүн үзүүлж байгаа шигшээ багуудын нэг нь Израиль. В хэсэгт багтсан Бельги, Уэльс, Боснийн шигшээ ардаа орхиж, тэргүүлнэ гэж олон мэргэжилтэн таамаглаагүй байх.  Гэвч тэд үнэхээр сайн тоглолтыг үзүүлж, хэсгээ итгэл төгс тэргүүлсээр байна. Өнгөрсөн шөнө Израилийн шигшээ баг талбай дээрээ Боснийн шигшээг хүлээж авч,  3:0-ээр хожсоноор есөн оноотой болж, хэсгийн тэргүүн байраа хадгалж үлдэж чадлаа.


 


Босни Герцеговинаас ганц супер од Эдин Жеко нь энэ тоглолтод оролцоогүй. Тоглолтын 36 дахь минутад Вермут гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 45 дахь минутад Омар Дамари нэгийг нэмж, урьдчилсан шатанд тав дахь гоолоо оруулсан юм. Харин 48 дахь минутад Боснийн шигшээгээс  Тони Шуньич улаан хуудсан авч, зочид нуман тулгуурт орсон. Хүн дутуу тэдний өөдөөс Израиль шуургалан довтолж, 70 дахь минутад Захави нэгийг нэмсэнээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт Бельгийн талбайд болсон бөгөөд Уэльс зочилсон. Хэрвээ Бельги хожвол дутуу байгаа нэг тоглолтоо хийгээд хэсгээ тэргүүлэх боломжтой байсан. Харин Уэльс хожсон бол шууд хэсгээ тэргүүлэх байлаа. Гэвч хоёр баг хуурай тэнцсэнээр Израильд боломж олгосон юм.

Энэ тойрогт тэнцсэн Бельги таван оноотой  дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Уэльс найман оноотой хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.  

Харин Кипр энэ тойрогт талбай дээрээ Андоррын шигшээг хүлээж авч, 5:0-ээр бутниргэснээр зургаан оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. Харин Андоррын шигшээ ганц ч оноогүй сүүл мушгиж байна. Тоглолтын 10 дахь минутад Меркис тооны харьцааг нээсэн бол 31, 42 60 дахь минутад Эфрем гурвыг оруулжээ. Улмаар 87 Христофи нэгийг нэмсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж