-Орон сууцны үнэ өнөөдөр багагүй өсөөд байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжих сургаар орон сууцны үнэ өсөөд байна. Учир нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр эхлэнгүүт орон сууцны үнэ унана гэдгийг барилгын компаниуд хэзээний олоод харчихсан болохоор аль болох үнийн өсөлтөөс өмнө байраа өндөр үнээр зарах гэсэн нэг оролдлого болов уу. Нийлүүлэлт нь ихсэхээр орон сууцны үнэ буурч таарна шүү дээ. Чи бод л доо Баянбүрдийн хойно босох байр, Урлан бүтээх төвийн хойдох байрнаас хоёр дахин хямдхан байна гэхээр хүмүүс алийг нь худалдаж авах бол. Мэдээж хямдхан рүү нь зүтгэнэ шүү дээ. Тэгэхээр байраа борлуулахын тулд аж ахуйн нэгжүүд орон сууцныхаа үнийг хямдруулж таараа байх.
-Тэгэхээр орон сууцны үнийн хөөрөгдөл болж байна гэж ойлгож болох уу. Барилгынхан болохоор барилгын материалын үнэ өсөөд байгаа гэж тайлбарлаж буй?
-Барилгын материалын үнэ тийм ч их өссөн гэж бодохгүй байна. Орон сууцны үнийн өсөлт барилгын материалын үнээс болоогүй байх. Яагаад орон сууцны үнэ өнөөдөр ийм өндөр үнэтэй байна гэвэл барилгын компаниуд газраа багагүй үнээр худалдан авч байгаа. Нөгөөтэйгүүр инженерийн шугам сүлжээнийхээ ажлын зардлыг өөрсдөө хариуцдаг. Бас хил дээр барилгын материалын саатал үүсэх юм бол үнэд нөлөөлдөг. Тиймээс хил дээр аль болох барилгын материалын саатал үүсгэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газраас төлөвлөсөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөө яаравчлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хятадууд тэнэг хүмүүс биш болохоор Монголд барилгын том төсөл хэрэгжих гэж байгааг сонсоод барилгын материалынхаа үнийг өсгөхгүй гэх аргагүй шүү дээ. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас дотоодынхоо барилгын материалын үйлдвэрлэлд анхаарахаар болсон. Энэ бол зөв алхам. Барилгын материалаа гаднаас өндөр үнээр авахгүй, дотоодоос хямдхан нийлүүлэхээр орон сууцны өөрийн өртөгт нөлөөлж байрны үнэ хямдрах нь тодорхой.
-Орон сууцны үнэ буурах болов уу. Өнөөдрийнх шиг өсөөд байвал бага дунд орлоготой иргэд байртай болно гэж саналтгүй нь?
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжээд эхлэнгүүт байрны үнэ 2-3 дахин буурна. Би үүнд итгэлтэй байна. Учир нь уг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас барилга барих газрыг нь үнэгүй өгөхөөр болсон. Мөн инженерийн шугам сүлжээг нь Засгийн газар хариуцахаар болсон. Орон сууцны үнэ өсөхөд шалтгаалдаг хоёр том хүчин зүйлийг нь Засгийн газар даачихаар байрны үнэ унаж таараа. Тэгэхээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хямдхан үнэтэй орон сууц борлуулж эхлэхээр өнөөдрийн өндөр үнээр орон сууцаа зарж байсан компаниуд хүссэн хүсээгүй байрныхаа үнийг бууруулах болное. Гэхдээ дашрамд нэг зүйлийг нэмж хэлэхэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт бага, дунд орлоготой, анх удаагаа байр авах гэж байгаа хүмүүсийг түлхүү хамруулна гэдгийг дуулгая.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээн босгох байр ихэвчлэн 1-2 өрөө байх гэл үү?
-Тийм. Ер нь бол дээрх хөтөлбөрийн хүрээнд барих орон сууцны метр квадратыг нь 650-750 мянган төгрөгөөр үнэлэх байх. Мөн 1-2 өрөө байр барихаар төлөвлөсөн. Үүнээс өндөр үнэлчихвэл бага дунд орлоготой иргэд орон сууцанд орж чадахгүй шүү дээ. Харин хотын төвд, гурваас дээш өрөөтэй орон сууцанд орохыг хүссэн хүмүүс зах зээлийнхээ жамаар л байраа худалдан авна гэсэн үг.
-Байрны үнэ хэзээнээс буурч эхлэх бол?
-Бидний төлөвлөж байгаагаар энэ оны эцэс, ирэх оны эхнээс л байрны үнэ буурах хандлагатай байна. Мөнгөтэй хүмүүс байраа худалдаж авна биз. Харин мөнгө муутай, бага дунд орлоготой, анх удаа байртай болох бодолтой хүмүүс үнэ өсөх нь гэж адгалгүйгээр хүлээзнэхийг зөвлөе. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос зургаан хувийн хүүтэй холбоотой асуудлаа удахгүй шийдэхээ зарласан байна лээ. Энэ асуудал шийдэгдвэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
-Монголын барилгын холбооноос зургаан хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах сонирхолгүй байгаа гэж сонссон?
-Тийм. Арилжааны банкууд ашгийн төлөө байгууллага учраас хатуу шалгуур тавьдаг. Энэ нь бага дунд орлоготой иргэдэд хүндрэл учруулахгүй гэх баталгаагүй. Тиймээс бид энэ талаар нэлээд болгоомжтой хандаж байгаа.
"Ардын эрх" сонин