Бахархах түүхтэй ард түмний хувьд энэ бол зүй ёсны сонголт. Одоо үзэгчид түүхэн бүтээлийнхээ сэдвийг сонгох юм. Бидний туулж өнгөрүүлсэн амьдралаас түг түмэн сэдэв гарч ирнэ. Монгол хүн бүрийн мэддэгээс аваад нэгэн үеийхний зүрх сэтгэлд хадагдан үлдсэн олон үйл явдал бий. Хэдэн мянгаараа тоологдоно. Энэ бол сайн тал нь харин тэр түмэн сэдэв дундаас ганцыг нь цохолж авна гэдэг ярвигтай ажил. Тиймээс төслийн найруулагч Б.Баатар хэд хэдэн сэдэв санал болгож байгаа юм. Эх захгүй юман дундаас нэгийг сонгох гэж зүдэрснээс эмхэлж цэгцэлж, шигшээд шилчихсэн сэдвээс сонговол ард түмнээрээ бүтээх кино маань хурдан дэлгэцнээ гарна.
Найруулагч Б.Баатар болон төслийн багийнхан сэдвээ дараах байдлаар тоймложээ:
Хүннү гүрэн-Эртний Монгол
XIII зуун- Их Монгол улсын түүх
Монголын домогт хатад
Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид-Шилийн сайн эрс
Богд хаант засгийн түүх
Соёлын довтолгоо
Атар газар эзэмших үе
XX зууны Монгол
Түүхэн римекс кино
Түүний сэдвүүд ерөнхийдөө Монголын түүхийг бүхэлд нь багтаасан гэж болохоор байгаа биз? Эдгээр сэдвийг хараад танд нэг санаа төрсөн гэхэд эргэлзэхгүй байна. Жирийн үзэгчийн хувиар надад бас өөрийн бодол төрлөө.
Монголчууд коммунист сурталд өнгөрөөсөн 70 жилдээ зөвлөлтүүдийн шууд удирдлага, заавраар эх түүхээрээ мөн ч их тоглосон улс. Нэг үгэндээ та бид түүхийн өмнө их өртэй. Энэ ч үүднээс нь найруулагч VIII Богд хаан, С.Данзан, Д.Бодоо, хэлмэгдүүлэлт гэх сэдвүүдийг санал болгосон биз. XX зууны Монголын түүхийн эдгээр гол тоглогчдыг бид өмнө нь соцреализмаар байнга л хараан зүхэж иржээ. Өглөө, Тэмцэл зэрэг олон дэлгэцийн бүтээлд тэднийг монголчуудын жаргах замын садаа байсан мэтээр харуулдаг. Энэ бүгдээс үүдээд түүхийн судалгааны ном зохиолоос илүү кино дэлгэцээр “түүхээ судалдаг” үзэгчид маань ташаа ойлголттой явах нь элбэг. Харин Кино код шоугаар дамжуулан нэгэн сайхан бүтээлтэй болохын ялдамд түүхийн гажуудлаа залруулаад авчихвал юутай сайхан. Сайхнаас гадна урьдын 70 жилд үйлдсэн нүглээсээ ч нимгэлээд авна.
Бараг монгол айл бүрийн тооныг сүүдэрлэн хүүшилж, бидний нэгэн үеийг нус нулимстай нь хольсон их хэлмэгдүүлэлт бас чухал сэдэв санагдана. Хэдий ардчилсан төр уучлалт гуйж нөхөн төлбөр олгосон ч гэлээ тэр цагийн их зовлонгийн дэргэд юухан билээ. Таны, миний, бидний өвөө нар хэдэн мянгаараа хядлагын цуваан туугдан, хийгээгүй үйлийнхээ төлөө, хэн нэгэнд таалагдаагүй учир, зүгээр л лам байсан болохоороо гээд байж болох бүх л шалтгаанаар Сталины илгээсэн 30 000 сумны бай болсон ажгуу. Миний бодохоор энэ сэдэв монгол айл бүхэнд, монгол хүн бүртэй ямар нэг сэжмээр холбоотой санагдана. Хэлмэгдүүлэлтээр нэг сайхан кино хийцгээвэл гэм зэмгүй атлаа цаазын тавцанд зогссон олон мянган амины хойноос өргөх маанийн ерөөлөөр ч болмоор.
Найруулагчийн бусад сэдэв ч сонирхолтой юм. Энүүхэндээ гэхэд үзэгчдийн олонх нь инээдмийн кино бүтээх сонирхолтой байсныг харгалзан түүхэн сэдэвтэй хөгжилтэй бүтээл хийж болмоор оргиод байна. Ухаан нь, Соёлын хувьсгалаар түүхэн кино хийлээ гэхэд өнөөгийн соёлжсон монгол хүнд яадаг ч байсан наргиантай л харагдана даа.
Энэ бол “Кино код” шоуг шимтэн үзэгч олны нэг, ганц миний л бодол. Танд ч гэсэн өөрийн бодол бий. Олны санаа оломгүй далай гэдэг. Та ч гэсэн Кино код шоуны сэдэв сонгох асуулгад өөрийн санааг нэмэрлээрэй. Хатуу суртлын дор хэлмэгдсэн эх түүхийнхээ өмнө монгол хүн бүр энэ шоугаар дамжуулж нэгэн зул өргөцгөөе
Дахин сануулахад та movie.news.mn, olloo.mn, zaluu.com сайтууд болон 1970 шууд утас, 155068 тусгай дугаарт саналаа өгөөрэй.