Паркт хөвгүүдийн дуртай мөргөлддөг машин, морин тойруулга, галзуу хулгана, далайн дээрэмчний онгоц, сансрын хөлөг, охидын дуртай гинжит, эргэдэг дельфин, саран савлуур, динозавр, мэлхий үсрэлт, хүн бүрийн суух дуртай алсыг харагч, завь гээд том оврын 12 тоглоомыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингээд болоогүй ээ, үндэсний соёл амралтын хүрээлэнгийн засварын ажил бүрэн дуусаагүй, дахин шинэ, шинэ тоглоомууд байрлуулах юм гэсэн. Тиймээс одоогоор энэ 12 тоглоомоор хүүхэд багачууддаа баярлуулах үүднээс ажиллуулж эхлээд байгаа юм гэнэ лээ. Цаашид бүр 24 тоглоомтой, кино театр, концертын танхим, усан парктай, худалдаа үйлчилгээний цэгүүдтэй жилийн дөрвөн улиралд ажиллах цогцолбор барихаар ажиллаж байгаа талаараа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэд захирал, төслийн удирдагч Б.Батнягт хэлж байсан юм. Тэгэхээр дахиад жаахан хүлээвэл бүр гоё болох нь, парк маань.
Харин өнөөдөр зарим нэг хэвлэлээр Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдийн баяраар бүх тоглоомоо 70 хувиар хямдруулна гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ бүгд худал мэдээлэл гэдгийг сануулъя. Эх үрсийн баяраар Үндэсний соёл амралтын хүрээлэн үндсэн үнэ тарифаараа үйлчлэх гэнэ. Дунджаар нэг хүүхэд 4000 төгрөгөөр дуртай тоглоом дээрээ тоглох боломжтой. Нэг зүйлийг сануулахад Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэвтрэх такс нь 1000 төгрөг шүү. Багачуудад дуулгах хамгийн гоё мэдээ нь парк өдөр бүр ажиллана, нэг ч өдөр амрахгүй гэнэ. Өглөө 10.00 цагаас эхлээд оройн 21.00 цаг хүртэл ажиллах учир, эцэг эхийнхээ ажлыг тарахаар орой очиж тоглох боломжтой. Харин баярын өдрүүдэд 10.00-23.00 цаг хүртэл ажиллах юм билээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын үнэ
Агаарын дугуй-4000 төгрөг
Мөргөлддөг машин-4000 төгрөг
Морин тойруулга-4000 төгрөг
Галзуу хулгана-4000 төгрөг
Гинжит-4000 төгрөг
Алсыг харагч-4000 төгрөг
Динозавр-4000 төгрөг
Мэлхий үсрэлт-4000 төгрөг
Эргэдэг дельфин-4000 төгрөг
Далайн дээрэмчний онгоц-4000 төгрөг
Саран савлуур-4000 төгрөг
Завь-5000 төгрөг
Сансрын хөлөг-5000 төгрөгийн үнэтэй. Хамгийн гол нь том хүн ч гэсэн энэ тарифаар үйлчлүүлэх юм.
Хүүхэд багачууд дээрх тоглоомуудаас галзуу хулгана, эргэдэг дельфин, далайн дээрэмчний онгоцонд их дуртай байгаа нь ажиглагдсан. Мэдээж алсыг харагчийг дурдахгүй өнгөрч болохгүй. Алсыг харагч нь өмнөхөөсөө өндөр болсон хэмээн үйлчүүлэгчид хэлж байв. Гадаа халуун ч паркийн хамгийн сэрүүн орчин бол нуурын эрэг орчим. Халууцаж, нозоорсон хүүхдүүд нуурын дэргэдэх сандал дээр амсхийнэ.
Олон жил хүлээсэн хүүхдийн парк ийнхүү ашиглалтад орж, хүүхэд залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тав, тухтай газартай боллоо. Жаахан хүү мэлхий үсрэлт дээр тоглоё хэмээн аавыгаа шаналгана. Урдхан талд минь бяцхан охин, хамгийн гоё даашинзаа өмсчихсөн, эргэдэг дельфин дээрээ тоглох гээд дугаарлаж зогсоно. Харин хажууханд минь улаан, цэнхэр бөмбөглөг барьсан хоёр хүүхэд баяр хөөрөөр дүүрэн касс руу гүйлдэнэ. Бодвол дараагийнхаа тоглоомын тасалбарыг авах гэж байгаа бололтой. Намайг бага байхад ийм тоглоом байсан билүү гэж эргэлзэх зуур эргээд хүүхэд болоод энэ тоглоом дээр тоглох юмсан гэсэн битүүхэн хүсэл, цагаахан атаархал төрөх шиг. Эргэн тойрон аз жаргалаар дүүрэн хүүхэд багачууд, тэднийг дагаад томчууд ч эргээд хүүхэд насандаа оччихож. Эргээд хүүхэд насандаа очих гоё юм аа.
Зургийн цомгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.