Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлага өгөхдөө жиргээчдийг шүүмжилсэн. Тэрбээр сэтгүүлчийн тавьсан асуултад “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг байна билээ. Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” хэмээн хариулсан нь тухай үедээ сошиал ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн юм. Тэгвэл түүнийг жиргээчдийн нэр хүндэд халдсан гэж иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд хандсан байна. Энэ хэргийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт болох ажээ.
М.ЯЛАЛТ