Намын тамгаар “тулсан” суудал…

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Намын тамгаар “тулсан” суудал…

УИХ-д суудалтай АН-ын бүлэг эв эеэ эрхэмлэн, Монгол Улсын эрх ашгийн төлөө Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлж хошгоруулсан нь баасан гаригийн “шоуг” 360 градус эргүүлэв. Р.Амаржаргалын Засгийн газрыг амаараа бараг л байгуулсан даа, өмнөх өдрүүдэд нь. Гэвч АН МАН биш, ҮЗХ нь Бага хурал биш юм болохоор фракцуудын толгойлогчдын дохьсоноор дуугаа дуулсангүй. Гүйцэтгэх зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд Ч.Сайханбилэгийг нэмж оруулж ирсэнээр зогсохгүй, Н.Алтанхуяаг намын даргын тамгаа З.Энхболдод шилжүүлж өгнө чинээ хэн ч төсөөлөөгүй байсан билээ. Эхлээд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн бүтэц аль фракцын угшилтайг тодруулъя. Үүний дараа "Алтангадас" гэдэг фракцаас Ерөнхий сайд “төрөх” нигууртай байсан нь аяндаа тодорхой болох учиртай. Гүйцэтгэх зөвлөл нь 21 аймаг, есөн дүүрэг, намын дарга, генсек, нийслэлийн намын дарга гээд 33 гишүүнээс бүрддэг. Багануур, Багахангай дүүргийг нэгтгэх болсноор 32 гишүүнтэй болсон. 32-оос Баян-Өлгийгөөс сонгогдсон Ч.Куланда Японд Ерөнхий консулаар, Ховдоос сонгогдсон Ц.Пүрэвдорж УБЕГ-ын даргаар, Хөвсгөлийн Хуягбаатар, Говь-Алтайн Б.Ариунсан ТЕГ-ын дарга болж төрийн албанд тус тус томилогдсоноор хасагдсан. Ингээд ГЗ-ийн 28 гишүүн үлдсэнээс 12 нь “Алтангадас”, зургаа нь МоАХ-ынх, гурав нь “Шонхор”, МҮДН-ээс гурав, “Зүүн хойд Ази”-аас хоёр, “Нэг ардчилал”-аас нэг гэсэн харьцаатай. Үлдсэн нэг гишүүн нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь. Одоохондоо аль нэг фракцид харъяалалгүй.

Энэ харьцааны дагуу Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэн, чадалтайгаараа "Алтангадас" дуугаа захиалж бусад нь түрлээ. Өмнөх долоо хоногт нь намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж ҮЗХ үзсэн ч Н.Алтанхуяг “Цаг зуурын эдийн засгийн хямрал, эрх мэдлийн төлөө тэмцэлдээн, хэдхэн хүний гараар хийгдэж байгаа явцуу улс төр яах вэ, бид даваад, туулаад л гарна. МОНГОЛДОО ЭВТЭЙ САЙХАН АМЬДАРЦГААЯ” гэснээр дараагийн цор ганц нэр дэвшигч З.Энхболдод тахимаа өгөөд тайзнаас буув. Энэ удаад 2008 оны намын даргын сонгуульд өвдөг шороодсон З.Энхболдын ээлж иржээ.

Гэхдээ тэрбээр ингээд намын дарга шууд болчихгүй. Хэрэв тэгвэл Н.Алтанхуягийн адил дүрмийн бус дарга гэх хэрүүл дагана. Зүй нь их хурлаараа баталгаажих юм. Магадгүй тэр үед уур амьсгалыг өөрөөр эргүүлэх эрх нь их хурлын гишүүдэд бий.

Хүсээд байсан намын даргын тамгыг нь Н.Алтанхуяг өгөхдөө зөрүүлээд Гүйцэтгэх зөвлөл дэх эрх мэдлээ ашиглан Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэвшүүлэн ҮЗХ-ны хуралдаанд оруулж дөнгөв. Ерөнхий сайдад ийнхүү Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар өрсөлдөж, нууц санал хураалтаар нийт 173 гишүүн санал өгснөөс нэг санал хүчингүй болж, Р.Амаржаргалын төлөө 80, Ч.Сайханбилэгийн төлөө 92 гишүүн санал өгснөөр асуудал шийдэгдлээ. Долоон хүн эргэсэн бол авралын засгийг санаачлагч Р.Амаржаргал Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж эрх мэдэл нэг талдаа гарах байлаа.

Н.Алтанхуяг ийнхүү намын даргынхаа тамгыг Ерөнхий сайдад нэр дэвшигчийн мандатаар солив. Тиймээс ҮЗХ-ны тогтоолыг зассан тухай хэрүүл ард хоцорсон гэсэн үг.

Түүнтэй хийсэн тохиролцоондоо УИХ-ын дарга ч таатай байгаа болов уу. Тамгаа хүлээж авмагцаа шүүмжлэгчийн байр сууриасаа татгалзаж “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолттой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог” гэж шууд дэмжигчийн байранд шилжсэн. Хэрэв тийм бол засгаар оролдох хэрэг юун. Асуудал Ерөнхий сайдын ажилд ч биш, Н.Алтанхуягт бол бүр ч үгүй, тамганд л байсныг “Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэснээс нь харж болно. Ийнхүү эрх мэдлийн төлөө УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар зүгээр туг тахилаа.

Нэгэнтээ асуудал шийдэгдсэн болохоор Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан гишүүдийг шагнах нь зүйн хэрэг. “Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн нийт ард түмний төлөө санал өгөх үүрэгтэй. Тиймээс бүх намын дүрэмд байгаа намаас гишүүнийг кноп дарсных нь төлөө хөөдөг энэ заалтыг алга болгох ёстой. Намаас хасахаас өөрөөр буюу дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэнэ” гэж шинэ намын дарга сэтгүүлчийн асуултад хариулжээ. Үүнээс үзвэл шинээр байгуулагдах Засгийн газарт онхолдохгүй гэсэн баталгаа тэг хувийг зааж байна. Засгаа унагахгүй торгоох ганцхан зүйл болох намынхаа эсрэг санал өгвөл хөөх намын дүрмийн заалтаа өөрчлөх саналтай байгаа хүн Ч.Сайханбилэгийн засгаар оролдохгүй гэсэн баталгаа алга, харин ч дүрмээ өөрчилж байгаад үзэж мэдэх юм.

Хэрэв тиймгүй бол “Монгол Улсын Ерөнхий сайдыг 2016 он болтол огцруулах асуудлыг санаачлахгүй гэж гарын үсэг зурах хэрэгтэй. Энэ 76 гишүүн гарын үсэг зурах хэрэгтэй. Дахиад 2-3 сарын дараа Засгийн газрыг огцруулна гэх юм бол тийм цаг хугацаа, боломж алга” гэж Ерөнхийлөгч шиг хэлэхээр байлаа. Угтаа бол Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай хийсэн гэрээ Засгийн газрыг унагахгүйн төлөө байсан ч өөрийг нь түлхэх өгөөш болохыг төсөөлсөнгүй. 

Энэ бүхнээс харвал дараагийн Засгийн газрын хоногийн тоо, хоолны хэмжээ их л бага байх болов уу?!

Ямартай ч өнөөдөр Ч.Сайханбилэгийг намуудтай зөвшилцөн маргаашийн чуулганд Ерөнхий сайдад дэвшүүлэхээр болж байна.

Нэгэн далайлтаар бүх эрх мэдлээ авахыг хүсэгчид энэ удаад санасандаа хүрээгүй ч чамлахааргүй чанга атгалаа. Одоо барьцаа лавшруулах нь дамжиггүй.

ҮЗХ-ны гишүүд ийнхүү ирсэн замаараа сурсан дуугаа /Халуун элгэн нутгаа хамтдаа дуулсан/ аялаад “арилжаа”-гаа өндөрлөв. Дараагийн удаад Засгийн газрын гишүүдийг ярилцахаар цуглана.

Харин бидэнд эрх баригч намын дарга хэн болов, хэнийх нь хүч илүү вэ нь бус хэцүүхэн байдлаас гаргах л хүн, засаг чухал. Сөхөрсөн иргэдээ дахиж битгий л даапаалж, дүн өвлийн хүйтэнд сэрүүн салхи сэвэлзүүлээсэй.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж