Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Харамсмаар ялагдал

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад бүлгээсээ нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Үндэсний зөвлөлдөх хорооны 44 дүгээр хуралдаанаас ялагдал хүлээлээ. Харамсмаар ялагдал. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнийг давах улстөрч үү? Чухамдаа бол “үгүй”. Гэвч санал болгох албан тушаал байхад ялагч болж болдогыг “Алтан гадас” харуулсан ч эцсийн дүндээ танхимаа унагасан хүнтэйгээ тохиролцоо хийснээр Ардчилсан намыг хэн ч биш болгож хувиргалаа. Харамсмаар ялагдлын цаадах агуулга энэ.

Ердөө сарын өмнөх үйл явдлыг эргэн саная. Шинэчлэлийн Засгийн газар уначихаагүй байхад “Н.Алтанхуягийг огцруулъя” гэсэн мэдэгдлийг хэвлэлүүдээр цацуулах гээд нойроо хугасалж суусан нь хэн билээ. Мөн УИХ-аар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед аль фракцийн гишүүд эзгүй байлаа, “Шонхор”-ынхон. Хоёр биенээ дайсны нүдээр харж, үзэж чадахгүй суусан тэд одоо тас тэврэлдэн нэг нь намын дарга болж, нөгөө нь залгамжлагчаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Уг нь Ч.Сайханбилэг сайдын хувьд шударгаар өрсөлдөж, тодорсон бол “хоншоортой” харагдах байлаа. Даанч чадсангүй. Ийм нэг хөгийн тохирооноос болж, намдаа ч, ард түмний дунд ч нэр хугарлаа. Харамсмаар ялалт. Ийм нөхцөлд намын бүлгүүдийн дэмжлэг авах уу. Хэдийгээр тэр намаасаа дэмжлэг хүлээсэн байж болох ч намын бүлгийнхээ дэмжлэгийг хүлээхгүй бол яах вэ?

Ердөө тав хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад 27 гишүүн нь 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Эдгээр гишүүн дотор “Шонхор” фракцийнхан ч бий. Одоо тэгээд гаргасан саналаасаа буцах хэрэг үү. УИХ дахь намын бүлэг бол УИХ-ын бүтцэд хамаарна. Энэ агуулгаар хөөж үзвэл, тэд сонгогчдоосоо нүүр бууруулах учиргүй. Өчигдрийн байр сууринаасаа өнөөдөр буцвал, олонхийн бүлэг л муухай харагдана. Хэнийгээ урвагч, урвагч бишээр дуудах юм. Бүгдийнх нь сонгуульд өрсөлдөх эрхийг нь хаах юм уу. Ямар ч нөхцөлд бүлгийн гишүүний байр суурь намын шийдвэрт дарагдах ёсгүйг хууль тогтоогч бүхэн мэдэх л учиртай. Тэр тусмаа парламентыг удирдаж буй УИХ-ын дарга З.Энхболдын голыг зурж байгаа асуудал энэ болов уу. Гэвч тэр “ҮЗХ-ны шийдвэрийг Ардчилсан намын бүлэг хүндэтгэх ёстой” хэмээн мэдэгдсэнээс нь үзвэл, Р.Амаржаргал гишүүнийг дэмжиж кноп дарсан 26 гишүүнээ үзэл бодлоосоо ухар гэдэг мессежийг урьдчилаад өгч байх шиг. Ийм намын дарга байж болох уу?

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилох уу, үгүй юу гэдэг шийдлийг гаргана. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд ууртай л байгаа сураг дуулдсан. Тус бүлгийн хувьд Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшихийг хүлээж суусан. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас их том “наймаа” ярьдаггүй юм бол МАН 26 кнопоо сайд Ч.Сайханбилэгт зориулна гэдэг юу л бол. Гэхдээ хэн мэдлээ, АН-ын дарга нь УИХ-ын дарга З.Энхболд болсон, өнгөрсөн зуны турш МАН-ын дарга М.Энхболдтой ярьсан зүйл их бий. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхнийг айлгаад байдаг МАНАН-гийн Засгийн газар бүрдчих ч юм билүү.

Ийм тохироонд хүрч чадвал, цөөнх 26 кнопоо харамлахгүй байж болох ч хэлсэн үгэндээ эзэн болж чадах эсэхийг харах л үлдэж байх шив. Хэрвээ МАН Засгийн газарт орвол 2016 оны УИХ-ын сонгуульд “будаа” болно. Цаад шалтгаан нь Засгийн газарт шунасны гай л болж таарах байхдаа.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж