мэс заслын эмч Мартин Салиа
Үхлийн аюулт Эбола вирусын халдвараар өвдсөн мэс заслын эмчийг Сьерра-Леоне улсаас АНУ-ын Небраска муж улсад авчирчээ. АНУ-ын иргэн Мартин Салиагийн биеийн байдал маш хүнд байгаа тухай Небраскагийн эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. 44 настай Мартин Салиа Сьерра-Леонийн нийслэл Фритаун хотын “Kissy” нэгдсэн методист эмнэлэгт мэс заслын ерөнхий эмчээр ажиллаж байсан аж. Тэрээр АНУ-д Эбола вирусын халдвар авчирсан 10 дахь хүн болжээ.
Үүний зэрэгцээ Малид Эбола вирусын халдвараар гурван хүн нас барсантай холбоотойгоор Францын Засгийн газраас иргэдээ тус улсад зорчихгүй байхыг анхааруулжээ. Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо олон улсад 5000 хэдийнэ давж, 13240 хүн өвчлөөд буй юм. Эбола вирусын халдвар Баруун Африкийн Гвиней улсад гарч хөрш Либери, Сьерра-Леоне, Сенегал, Нигери, Конго, Мали улсад тархсан билээ. Үүнээс Сенегал, Нигери улс Эбола вирусын халдвараас бүрэн ангижраад байгаа юм. Мөн Конго улсын албаныхан өчигдөр /XI.15/ Эбола вирусын халдвараас ангижирсан гэдгээ зарласан байна. Эбола вирусын халдвар сүүлийн 42 хоногт шинээр бүртгэгдээгүй бол өвчнөөс ангижирсан гэж үздэг аж. Эбола вирусын халдварын нууц үе 21 хоног байдаг гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС