Fotobank.ru / Getty I mages
Австралийн Брисбен хотноо G20 саммит өнөөдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын албан бус уулзалтаар эхэллээ. “Их 20”-ийн саммит арваннэгдүгээр сарын 15-16-нд үргэлжлэх юм.
G20 саммитийн лидерүүдийн ажлын анхны хуралдаан болж байна
“Их 20”-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын ажлын эхний өдөр Австралийн ерөнхий сайд Тони Абботтын хүлээн авалтаар өндөрлөнө. Тэд саммитад уригдсан орнуудын тэргүүн, олон улсын байгууллагын удирдагч нартай хамт зоогт уригджээ.
AP Photo/ Lee Jin-man
Лидерүүд анхны өдрийн ажлын хуралдааныхаа дараа зураг авахуулах ёслолтой аж. Крымыг өөртөө нэгтгэсэн болон Украины хэрэг явдлын улмаас Барууны орнуудын Орост тавьсан хориг олон улсын хамтын ажиллагааны боломжийг мэдэгдэхүйцээр хумисан энэ нөхцөл байдалд мэдээж тэдэнд ярилцах зүйлс их байх нь дамжиггүй.
Оросын лидер Путин баасан гаригт Австралид ирснийхээ дараа Австралийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзжээ. Түүний бямба гаригийн ажил BRICS-ийн гишүүн орнуудын лидерүүдийн уулзалтаар эхэлсэн байна. Албан ёсны арга хэмжээний өмнө Путин Ангела Меркельтэй цөөн хэдэн хором ярилцаж амжжээ. Харин өнөөдөр орой тэдний албан ёсны уулзалт эхлэх юм. Оросын ерөнхийлөгч мөн Франц, Их Британийн лидерүүдтэй албан ёсны уулзалт хийх аж. Уулзалтын сэдэв нь Украины асуудал байх бололтой. Түүнчлэн одоо зогсонги байдалд ороод байгаа нисдэг тэрэг зөөгч “Мистраль” хөлөг онгоцны нийлүүлэлтийн талаар Францтай ярилцана хэмээн таамаглаж байна.
Орос, Эбола хоёрыг Обама дахин зэрэгцүүлэв
Барак Обама. Фото: Kevin Lamarque / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Брисбены G20 саммитад өнөөдөр үг хэлэхдээ, "Украинд явуулж байгаа Оросын бодлогыг дэлхийн хамгийн том аюулын нэг" хэмээн цохон тэмдэглэв. “Дэлхий дахинд аюул учруулж байгаа Эбола хижигтэй Баруун Африкт хийж байгаа тэмцэл, Оросын Украинд явуулж буй түрэмгийлэлтэй хийж буй дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцлийг бид толгойлж байна. Бид MH17 нислэгийн аймшигт сүйрлийн дараа энэ байдалд онцгой анхаарах ёстойгоо илүү ойлгосон” хэмээн Обама хэлжээ.
Америкийн лидер есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы нээлт дээр олон улсын энх тайван байдалд учруулж буй гурван гол аюулыг нэрлэхдээ, "Нэгдүгээрт Эбола хижиг, хоёрдугаарт Украинд хийж буй Оросын үйл ажиллагаа, гуравдугаарт Исламын улс бүлэглэл" хэмээн хэлж байсан билээ.
Лидерүүдийн эхнэрүүд коала баавгайтай нөхөрлөв
EPA/TARONGA ZOO
G20-ийн лидерүүд хуралдаж байх зуур тэдний эхнэрүүд Брисбен хотын "Лоун Пайн Коала" үндэсний хүрээлэнд зочилж, Австралийн уутат баавгай коалаг өхөөрдөн тэвэрч, зургаа авахуулжээ. Мөн тэргүүн хатагтай нар гараасаа имж хооллосон ба энэ тивийн сонин содон гэсэн амьтадтай хамт зураг авалтад оролцжээ. "Лоун Пайн Коала" хүрээлэнг 1927 онд нээсэн бөгөөд уутат баавгайн дэлхийн хамгийн том хүрээлэн гэгддэг юм. Тэнд ойролцоогоор 130 орчим уутат баавгай амьдардаг гэнэ.
Саммитийн дуулиан
REUTERS/ Mark Graham/Pool
"Британийн колончлол 1788 онд эхлэхээс өмнө Австралид бутнаас өөр юу ч байгаагүй” гэж хэлсэн ерөнхий сайд Тони Абботтын үгэнд австраличууд дургүйцэв. Тэрээр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камероныг Сидней хотод хүлээж авах үеэрээ “Энэ алдартай хотыг хэрхэн хөгжсөнийг бид харж байна. 1788 онд энд бутнаас өөр юу ч байгаагүй. Одоо бидний зогсож байгаа газраас холгүйхэн 12 хөлөг онгоцтой буусан усан цэргүүд өөрсдийгөө "Саран дээр ирчихлээ”гэж бодож байсан гэдэг" хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР