&#34Боинг&#34-ийг хэн сөнөөв?

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

&#34Боинг&#34-ийг хэн сөнөөв?


Оросын “1 суваг” телевиз иргэний агаарын тээврийн онгоцыг  сөнөөгч онгоцноос “Агаар-Агаар” ангиллын пуужингаар буудаж буй хиймэл дагуулаас авсан зургуудыг олон нийтэд дэлгэн харууллаа. Зургийг  MH-17 нислэг хийж яваад Донецк мужид сүйрсэн Малайзийн “Боинг” онгоцонд хийсэн довтолгоо гэж үзэж байгаа бололтой. Уг зургуудыг гадаадын тагнуулын хиймэл дагуулаас авсан гэж мэдээлэлд дурьджээ.

 


 Оросын “1 суваг” телевизийн үзүүлсэн зургууд

 

“Однако” нэвтрүүлгийн хөтлөгч Михаил Леонтьев "Эдгээр зургийг  өмнө нь MH-17 нислэгийн сүйрлийн дүгнэлтийг хийж байсан Оросын инженерүүдийн холбоонд арваннэгдүгээр сарын 12-нд ирүүлсэн" гэж тайлбарлав. Зурганд иргэний агаарын тээврийн онгоц болон сөнөөгч онгоцны дүрс буусан байх бөгөөд сөнөөгч онгоцны зүүн далавчнаас “Агаар-Агаар” ангиллын пуужин харавсан гэх ул мөр үзүүлсэн инверсийн цагаан мөр татагджээ.

 

Зургийг ирүүлсэн хүнийг дээрх телевиз "MIT-ийн төгсөгч, 20 жилийн туршлагатай нисэхийн шинжээч Жорж Билт" гэж танилцуулсан ба тэрээр Оросын инженерүүдийн холбооны дүгнэлттэй санал нэг байгаа ажээ. “Боинг онгоцыг мөрдөн хөөж байсан сөнөөгч онгоцноос их буугаар буудсаны дараа нисгэгчдийн бүхээгийг “Агаар-Агаар” ангиллын пуужингаар харваж оносон.  Дараа нь баруун хөдөлгүүр болон баруун далавчийг нь дулааны чиглүүлэгчийн системтэй пуужингаар оносон” гэж Жорж Билт захидалдаа бичиж ирүүлжээ.

 


Оросын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Иван Андриевскийн хэлснээр эдгээр зургийг  өндөр биш тойрог замаас авсан бөгөөд судалж үзэхэд эвлүүлэг биш, жинхэнэ зураг байсан гэдгийг хөтлөгч Михаил Леонтьев дамжуулан хэлэв.

 

“Ердийн үед ийм зургийг агаар болон газрын орон зайн ерөнхий тагнуулын чиглэлээр  гаргадаг. Зурагт харагдаж буй баримжааны үзүүлэлтээс харахад Америкийн эсвэл Английн хиймэл дагуулаас хийсэн бололтой” гэж Оросын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Иван Андриевский онцолжээ.

 

Иргэний агаарын тээврийн хөлгийн сүйрлийн мөрдөн байцаалтыг өдгөө Голландын мөрдөн байцаагчид явуулж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Донецкт сүйрсэн агаарын хөлгийн сүйрлийн шалтгааныг “Газар-Агаар” ангиллын пуужингаар буудсан, эсвэл  өөр онгоцноос буудсан” гэх  хоёр таамаг дэвшүүлж байгаа гэж Голландын прокурор Фред Вестербеке  аравдугаар сарын 27-нд мэдэгдсэн юм. Гэхдээ мөрдөн байцаалт өөр бусад хувилбаруудыг ч судалж үзэх болно гэдгийг прокурор хэлжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн долдугаар сард хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, "Malaysia Airlines" компанийн “Боинг-777” онгоц сүйрэх үед тухайн цэгт Украины байлдааны Су-25 онгоц байсан, хоёр онгоцны хооронд 3-4 км-ийн зай байсан гэж мэдэгдэж байсан юм.

 

Сануулахад, "Malaysia Airlines" компанийн иргэний агаарын тээврийн хөлөг 2014 оны долдугаар сарын 17-нд  Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч яваад Донецкийн ойролцоо  унаж осолдсон юм.

 

Ослын шалтгааныг өнөөг хүртэл албан ёсоор тодруулаагүй байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл агаарын хөлгийг пуужингаар сөнөөсөн гэх хувилбар яригдаж ирсэн бөгөөд Киевын эрх баригчид онгоцыг Зүүн Украины босогчид хөнөөсөн гэж үздэг бол сайн дурынхан хариуд нь "Тийм өндөрт нисч яваа онгоцыг сөнөөх төхөөрөмж байхгүй" гэсэн тайлбар өгч байгаа билээ.

 

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки. Фото: REUTERS
 

Оросын телевизийн мэдээ гарсны дараа АНУ-ын  Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Малайзийн MH17 нислэгийн хөлөгт  Украины сөнөөгч онгоцны хийж байгаа дотвтолгооны зургийг бид үзээгүй учраас тодорхой хэлэх зүйл алга. Хэрэв тийм зураг байгаа бол манай мэргэжилтнүүд судалж үзээд, дараа нь ямар нэгэн зүйл хэлж болох юм” гэжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж