Үнэ нь үсэрч, олдоц нь ховордсон орон сууц

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Үнэ нь үсэрч, олдоц нь ховордсон орон сууц

Зээл нь буурч, үнэ нь үсэрч, эрэлт нь ихэсч, олдоц нь ховордсон орон сууц

Найз бүсгүй маань амьдрах орч­­ноо сайж­руулахаар зориглож, байрны эрэлд гарч бүтэн хоёр сар болов. Шинэ, сайхан гэх орон сууц болгоныг сонирхож, үзэсгэлэн яармаг бүхнээр орж, “Зар мэдээ”-г нүдээ ширгэтэл ширтээд, интернэтээр “төөртлөө” хайгаад най­зын маань эрэл талаар болсон юм. Боломжийн хэрнээ хямдавтар байр авах нь түүний мөрөөдөл.  Хоёр жаахан охинтой учраас сургууль цэцэрлэгт ойр, ажилдаа дөхүүхэн газар байртай болох  санаатай бай­­сан юм. Тэгэхгүйгээр автобус унааны түгжрэл замбараагаа алдсан өнөө цагт өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ ирэхдээ бүтэн цаг хагасыг зарцуулах болно. Тиймээс ядаж л хотын төвд биш юм аа гэхэд  ойролцоохон газар байртай боло­хоор баахан хайж л дээ. Даанч сэтгэлд нь хүрсэн байр таараагүй гэсэн. Цалингаас цалингийн хоо­ронд, өр шир тавин байж авч буй болохоор худалдан авах байрны үнэ нь хямдавтар байхгүй бол тэднийх зээлээ төлж дийлэхгүйд хүрэх нь тодорхой. Найз маань өөрөө 450 мянган төгрөг, нөхөр нь сардаа 300 орчим мянган төг­рөгийн  орлоготой болохоор өндөр үнэтэй, өрөө олонтой байр сонирхоогүй гэнэ. Тэгээд л нэг хоёр өрөө байрны эрэлд мордсон юм. Үнэ нь хямдхан байр таарлаа гэхэд гэр хороолол дунд, чанар нь муу, эсвэл хотын захынх байдаг бол хотын төвд барьсан орон сууцнуудын нэг, хоёр өрөө байр нь аль хэдийнэ зарагдаад дуусчихсан байсныг найз маань ярьсан. Хам­гийн хачирхалтай нь, өнгөрсөн хоёрдугаар сард нэг өрөө байр 35 сая төгрөг байсан бол гуравдугаар сарын сүүлээр 38 сая, өдгөө 40 саяын үнэтэй  болчихсон байгааг ярьсан. Өөрөөр хэлбэл, байрны үнэ сараас сард шууд хоёр саяар өсч байгааг дуулгасан.

Хотын төвийн байрны үнийн талаар ярих юм биш. Нэг квадрат нь гэхэд 2,5 сая төгрөгөөс дээш дуугарч байгаа. Тэгэхээр бага дунд орлоготой иргэдийн байртай болгоно гэх Засгийн газрын амлалт яах болж байна. Жирийн дундаж иргэд ийм үнэтэй байр худалдаж авах боломжтой бил үү.  “Мишээл экспо” төв дээр гарч буй үзэсгэлэн яармагт оролцож буй компаниуд  орон сууцныхаа нэг метр квадратыг нэг сая 200 мянгаас дээш үнэлсэн байсан. Арай хямдавтар үнэтэй  нь барихаар төлөвлөж буй, захилга авахаар горилж байгаа компаниудын орон сууцнууд.

Монгол Улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулахаар томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Эхнээсээ ч үр дүнгээ өгч “4000 айлын орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй өрх шинэ өргөөндөө оржээ.Энэ хэрээр үйл ажиллагаа нь доголдоод байсан барилгын компаниуд хэвийн горимондоо шилжсэн  байна. Гэтэл барьсан байр нь зарагдахгүй нусаа хацартаа наах нь холгүй Засгийн газраас тусламж гуйж суусан барилгынхан өнгөрснөө мартсан бололтой,  өнөөдөр төр бидний үйл ажиллагаанд оролцож, үнийг зохицуулах эрхгүй хэмээн то­морч сууна. Ингэхэд байрны үнэ яагаад сараас сард суга өсөөд байна вэ. Шалтгаан нь юу вэ.  Байрны үнэ бага­гүй хямдарна гээд байсан албаны хүмүүс худлаа ярив уу, аль эсвэл барилгынхан байрны үнийг хөөрөгдөв үү. Үнийн хөөрөгдлийн эсрэг хэрхэн зохи­цуулалт хийх вэ зэрэг асуултуудад хариулт олохыг хүссэн юм.  

Барилгын материалын үнэ буурчээ

Зам тээвэр, барилга хот байгуу­лалтын яам болон Барилгачдын холбоо­­ны­хон байрны үнэ өссөн нь барилгын материалын үнэтэй огтхон ч хамаагүй гэсэн хариулт өгч байна. Барилгын материалын үнэ өссөнөөс гэх тайлбар ердөө шалтаг төдийхөн гэж тэд хэлж байгаа юм.

Учир нь  Засгийн газраас  хэрэг­жүүлэх “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд байрны үнэ энэ оны сүүлчээс хоёр дахин буурна гэсэн прогноз барилгын сал­барынханд байгаа бололтой. Тийм­дээ ч үнэ унахаас өмнө байраа өндөр үнээр шахахаар ийнхүү үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа гэнэ. Барилгын материалын үнэ өнөөдөр төдийлөн өөрчлөгдөөгүй. Барилгын гол материал болох арматур төмөр он гарсаар нэг сая 280 мянган төгрөг байсан бол өдгөө нэг сая 250 мянган төгрөг болж буураад байна. Тэгвэл “Хөтөл”-ийн цемент тонн нь 155 мянга, “Эрэл”-ийнх 150 мянган төгрөг,  Хятадын цемент 148 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн онд ч цемент тонн 140-150 мянган төгрөгийн хооронд байсан гэнэ.  Тоосго гэхэд Монгол үйлдвэрлэсэн нь  ширхэг нь 135-150 орчим төгрөг, Хятадынх нь 120-135 төгрөг байна. Энэ нь 2010 оныхтой харьцуулахад бас өсөөгүй гэсэн үг. 2010 онд нэг ширхэг тоосго 150 орчим төгрөг, 2009 онд 170 орчим төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Хучилтын нүхтэй хавтангууд гэ­­хэд Оросынх нь 109-310 мянган төгрөг, Хятадынх нь 108-208 мянган төгрөгийн үнэтэй байна. Компаниудын зүгээс байрны үнийг нэмэх  шалтгаанаа барилгын материалын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байгаа ч 2008 оны зургадугаар сарын байдлаар буюу Монголын барилгын сал­барт ид  эдийн засгийн халалт үүсч байх үед байр­ны нэг өрөө байрны үнэ 19 сая төгрөг байхад тоосго ширхэг нь 190-200 төгрөг, арматур төмөр нэг саяас нэг сая 200 төгрөгийн үнэтэй байжээ.  Дээрх тоон үзүүлэлтээс харахад өнөөдөр барил­гын материалын үнэ өсөөгүй  харин ч буурсан гэхэд болно.

Үсрэнгүйгээр хөөрөгдөх үнэд хяналт тавих газар байна уу

Огцом өсч буй байрны үнэ хэрэг­лэгчдийн хэтэв­чинд сөргөөр нөлөөлж эхэллээ. Байрны эрэлд хатсан хүмүүс үнэд мухардсан хэрэглэгчид. Байдаг хэдээ шавхаж урьдчилгаа төлбөрөө төлөөд, банкны зээл хүсч байгаа хүмүүс бол бага дунд орлоготой иргэд. Мэдээж, баян чинээлэг иргэд ингэж байрны эрэлд хатахгүй нь тодорхой.

 Цалингаас цалингийн хооронд амьдарч, байр, орон сууцтай болохыг хүсч байгаа олон хүний хэрэгцээг хангах боломжийн үнэтэй, боломжийн байршилтай байр өнөөдөр үнэндээ алга. Үнэ нь тэнгэрт хадсан орон сууцнуудыг дундаж иргэд хүчирч авч чадахгүй болохоор их санасан газар есөн шөнө хоосон хононо гээч л болчихоод байгаа. Уг нь бага дунд, орлоготой иргэдийг орон сууцжуулахаар Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн сургаар өнгөрсөн са­раас байрны үнэ өнөөдөр даруй хоёр саяас илүү нэмэгдчихээд байгаа юм. Тэгэхээр энэ үнийн өсөлтийг үнэн бодитой эсвэл хөөсрөлтэй, хөөрөг­дөлтэй эсэхийг шалгах Шударга өрсөл­дөөн хэрэглэгчийн төлөө газар гэж бий. Данхайсан том нэртэй ч тодорхой ажлын үр өгөөж багатай тус газрынхан хэрэглэгчдийн төлөө, хэнтэй ямар тооцоо бодов оо. Үнийн хөөсрөлт, хөөрөг­дөлтөд хязгаар тавих эрх нь уг нь тэдэнд бий. Үйл ажиллагаа нь доголдох үед нь хөрөнгө мөнгөний санхүүжилт үзүүлэх төр үнийн хөөрөгдөл нь ч бас хязгаарлалт тавих эрхтэй болов уу. Эсвэл үнэ хөөрөгдөх нь төрд хамаагүй, үйл ажиллагаа доголдох нь  л засагт хамаатай юм болов уу.

Хөтөлбөрт арилжааны банкуудыг оролцуулахыг хүссэнгүй

100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн хүрээнд нийслэлийн зур­гаан газрыг орон сууц­жуулахаар Засгийн газрын төлөвлөгөөнд тус­га­сан. Үүнд Нисэх, Яармаг, Баянголын ам, долдугаар хороолол, 14 дүгээр хороо­лол, Радио телевизийн газруудыг орон сууцжуулах юм. Эхний ээлжинд энэ жилээс инженерийн шугам сүлжээг сайжруулах, шинэчлэх, шинээр тавьж эхэлнэ. Дээрх  газруудыг орон сууцжуулах дэд бүтцийн ажлын хөрөн­гийг төрөөс 100 хувь даана. Тодруулбал,  инженерийн шугам сүл­жээ­ний ажлыг Засгийн газрын хөрөнгөөр хийх учир барилгын өөрийн өртөгийг хямд­руулах, орон сууцны нэг метр квадратын үнийг бууруулах боломжтой болно гэсэн үг. Засгийн газраас 800 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зар­цуу­лахаар болсон бөгөөд үүний 447 тэрбумыг орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах юм. Мөн барилга барих газрыг нь компаниудад үнэгүй олгос­ноор  хөтөлбөрийн хүрээнд босох орон сууцны метр квадратыг 650-750 мянган төгрөг байхаар тооцож байгаа бололтой.

Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл олгох бөгөөд 30 хүртэл жилийн хугацаатай байх гэнэ. Та гэр хороололд амьдардаг, анх удаа байр худалдаж авах гэж буй бол бол зээлд хамрагдахад илүү дөхөм байх бололтой. Бага дунд орлоготой иргэдийг орон сууц­жуулах уг хөтөлбөрийг Орон сууцны санхүүжилтын корпорациар дамжуулах сонирхолтой байгаагаа Монголын барилгын холбооноос мэдэг­дээд буй. Учир арилжааны банкуудаар дамжуулбал хүүгээ нэмж, хугацаагаа богиносгож ард иргэдийг чангалж магадгүй гэж болгоомжилсных болол­той.  Харин Засгийн газар уг төсөлд арилжааны банкуудыг хамруулах сонирхолтой байгаа бөгөөд хүүг нь нэмүүлэхгүй байхыг төрөөс хариуцахаа амлаад байгаа. 100 мянган айлын орон сууц ихэвчлэн нэгээс хоёр өрөө байхаар төлөвлөсөн юм байна.

Ж.НЯМСҮРЭН

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж