Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна

Ардчилсан намын бүлэг өчигдөр хуваарийн дагуу хуралдаж Сон­гуу­­лийн ерөнхий хорооны /СЕХ/-ны мэдээллийг сонсчээ. Уг нь бүл­гийн хуралдаанаар сонгуулийн тогтол­цоо­ны тухай асуудлыг хөндөнө гэсэн хүлээлт байсан ч энэ удаад тэд “санал тоологч”-ын асуудалтай зууралдан өнжив.

Сонгуулийн үеэр саналын хууд­сыг автоматаар тоолоход зориулж 24 тэрбум төгрөгийг 2011 оны нэгдсэн төсөвт суулгахаар болж байгаа. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны ги­шүүд өчигдөр Ардчилсан намын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Одоогоор Венесуэлийн “Smartmatic” байгууллага өөрийн боловсруулсан санал хураах автомат системийг танилцуулаад байгаа хэдий ч ирэх сонгууль ямар тогтолцоогоор явахаас саналын хуудсыг хэрхэн тоолох ажил хамаарна гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон байгаа аж. Харин АН-ын бүлгийн гишүүд дараачийн сонгууль болоход богино хугацаа үлдсэн учир саналын хуудсыг автоматаар тоолдог болгох ажлыг яаравчлах хэрэгтэй хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад анхааруулж байв. Мөн санал тоолоход ямар техник технологи ашиглахыг нарийвчлан тог­тоож, түүнд зарцуулах 24 тэрбум төгрөгийн задаргааг хийж, ажил гүйцэтгэгч байгууллагаа даруй сон­гон шалгаруулах нь зөв гэдгийг СЕХ-ны удирдлагуудад Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдсэн байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын сон­гууль ямар тогтолцоогоор явах нь санал хураах үйл явцтай шууд холбоотой. Сонгуулийн тогтолцоогоо яаралтай тодорхой болгох хэрэгтэй. Ажлын хэсэг ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийг шударга явуулах ажлыг хийж дуусч байна гэж мэдэгджээ.  Уг асуудлыг Ардчилсан намын бүл­гийн гишүүд зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын бүлэг аль болох пропорциональ тогтолцоогоор ирэх сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдсэн.

Тогтоолын төслийг дэмжлээ

Ардчилсан намын бүлгийн хурал­­­даанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газрын Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл аж. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолд зааснаар гэнэтийн болооод байгалийн гамшиг тохиолдсон үед хэрэглэх хүнс, цэвэр ус, цусан бүтээгдэхүүнийг 100 мянган хүн амд нэг сарын хугацаанд хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх тухай байж. Дээрх тогтоолын төслийг бүлгийн гишүүд хэлэлцээд тогтоолыг байнгын хороо болон УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна. Гурав дахь асуудал нь удаан хугацаанд яригдаж байгаа “Урт нэртэй хууль” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчин­гүй болсонд тооцох тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ. Уг асуудалд Ардчилсан намын бүлгийн гишүүд нухацтай хандаж зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Гэвч уг хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах хэрэгтэй хэмээн бүлгийн гишүүд шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хүмүүстэй ярилцаж эргэлзээтэй байгаа асуудалд эцэслэн шийдвэр гаргах болжээ.

Үүний дараа бүлгийн гишүүд хэсэг хугацаанд завсарлага аваад байсан Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуу­лийн төслийн талаар хэлэлцээд хол­богдох байнгын хороодод шил­­­жүү­­лэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийд­вэрийг тус бүлэг гаргажээ.

Б.АЛТАНСҮХ

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж