Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр хуралдлаа. Хурлын үйл явцын мэдээллийг хураангуйлан хүргэж байна.
Төрийн ордон. 2014 оны 11 сарын 14-15.
2014.11.15. 00:30 цаг: ҮЗХ-ны Нууц санал хураалтаар 53.6 хувийн санал авснаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дэмжигдлээ.
23:37 цаг. Нууц санал хураалт эхэллээ. Санал хураалт эхлэж байна. Гишүүд нууцаар саналаа өгснөөр дараагийн Ерөнхий сайд тодрох юм.
21:55 цаг. Нэр дэвшигчдээс асуулт асууж эхэллээ. ҮЗХ-ны хуралдаанд оролцож буй гишүүд нэр дэвшигч Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нараас мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлогын талаарх асуулт асууж байна.
21:36 цаг. Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Яг одоо нэр дэвшигч Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийх ажлынхаа тухай ярьж байна.
21:27 цаг. Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. АН-ын дарга З.Энхболд Монгол улсын ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцууллаа. Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө ҮЗХ-нд танилцуулж байна. Тэрээр "Эдийн засгийн хүндрэлийн эсрэг төр итгэл буй болгох хэрэгтэй" гэв. Түүний дараа нэр дэвшигч Ч.Сайханбилэг үг хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.
21:15 цаг. Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын нэрийг ҮЗХ-ны хуралдаанд оруулахаар боллоо. ҮЗХ-ны хурлаар хоёр нэр дэвшигчийг хэлэлцэн санал хурааснаар дараагийн Ерөнхий сайд тодрох юм.
21:02 цаг. ҮЗХ-ны хурал түр завсарлав
Ардчилсан намын даргыг сонгосны дараа ҮЗХ-ны хуралдааны түр завсарлуулж, намын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болжээ. Өдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Одоо хуралдах Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг эцэслэн шийдэх юм байна. Үүний дараа ҮЗХ-ны хурал дахин үргэлжилнэ.
20:32 цаг. З.Энхболд АН-ыг удирдахаар боллоо
Ардчилсан намын даргад УИХ-ын дарга З.Энхболд нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээр намын даргыг сонгох саналыг хурааж дууслаа. Нийт 168 гишүүн санал хураалтад оролцсоноос 147 дэмжиж, 87 хувийн саналаар АН-ыг удирдах боллоо. З.Энхболд тамгаа гардаж авлаа. АН-ын дүрэм ёсоор ирэх сарын 8-нд АН их хурлаа хийнэ. Тэр үед намын даргыг батламжилна.
19:28 цаг Намын даргыг сонгох саналыг тоолж байна. Ардчилсан намын даргад УИХ-ын дарга З.Энхболд нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээр яг одоо намын даргыг сонгох саналыг хураасан бөгөөд яг одоо тооллого хийж байна.
19:41 цаг. Утсаар ярих боломжгүй болов
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг түр завсарлуулаад байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая авсан шинэ мэдээллээр Төрийн ордонд гар утас болон интернэтийн сүлжээг хаажээ. Энэ нь ҮЗХ-ны хуралдаантай холбоотой мэдээллийг саарал ордноос гаргахыг хориглож буй нэг арга нь юм. Өмнөх хуралдааны үеэр мөн ийм арга хэмжээ авч, нээж, хааж байсан удаатай юм.
18:57 цаг. Нууцаар санал хураахаар завсарлалаа
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан түр завсарлаад байна. АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэрээ дэвшүүлжээ. Түүнээс өөр хүн АН-ын даргад нэр дэвшүүлээгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор ҮЗХ-ны хуралдааныг түр завсарлуулжээ. Нууцаар санал хураах аж. Нийт 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь энэ удаагийн хуралдаанд оролцож буй юм байна.
18:41 цаг. Намын даргад З.Энхболд нэрээ дэвшүүлэв
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, УИХ-ын дарга З.Энхболд намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ. Гэхдээ онцгой нөхцөл байдал үүссэн учраас ҮЗХ-ны хурлыг түр завсарлуулж болзошгүй байна.
18:27 цаг. Н.Алтанхуяг намын даргын үүрэгт ажлаа өглөө
ҮЗХ-ны хуралдаан товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэлсэн Энэ хуралдаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намын даргын үүрэгт ажлаа өгөхөөр болсоноо ҮЗХ-ны хурлын эхэнд мэдэгдсэн байна. Тэрбээр үүрэгт ажлаа өгөх өргөдлөө ҮЗХ-нд өгчээ.
Н.Алтанхуяг гаргасан өргөдөлдөө “Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм. Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон 2 жил ажиллалаа.
Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан. Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ. Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа Элбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.
Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна. Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн байна.
18:18 цаг. ҮЗХ-ны хуралдааныг Ш.Түвдэндорж даргалахаар боллоо
АН-ын ҮЗХ-ны хуралдаан дөнгөж сая 154 гишүүдийн ирцтэйгээр эхэллээ. Харин одоо хурлын тэргүүлэгчдээ сонгож байна. Тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, нийслэлийн ИТХ-ын гишүүн Ганбаяр нар нэр дэвснээс Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, С.Ламбаа нар сонгогдсон байна. Хурлыг Ш.Түвдэндорж даргалахаар болсон бөгөөд тооллогын комиссыг 10 хүний бүрэлдэхүүнтэй сонголоо. Хурлын уур амьсгал тогтуун эхэлжээ.
18:12 цаг. АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдсэн тул ийнхүү хурлыг эхлүүлж буй юм байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж тодруулах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр болж байгаа. Мөн заалнаас сайд Л.Гантөмөрийг нэр дэвшүүлэх болсон гэх мэдээлэл бий.
Одоо дээрх хуралдааныг даргалах комиссыг тодруулахаар ҮЗХ-ны гишүүдээр санал хураалгаж байна.
М.ЯЛАЛТ