УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн зээл зэрэг асуудлыг хөндаж ярилцжээ. Хуралдааны эхэнд компанийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн аж. Тус хуульд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг шударгаар зохицуулах тухай тусгасан байна. Мөн компанийн ноогдол ашгийг хуваарилахдаа хувьцаа эзэмшигч бүрт хуулийн дагуу ноогдол ашиг олгодог байх хэрэгтэй гэж үзжээ. Харин төрийн өмч давамгайлсан компаниудад хэн нэг өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил бий болохоос сэргийлэх тухайд бүлгийн гишүүд анхаарч хэлэлцсэн хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдэгдэв. Нөгөөтэйгүүр МАН-ын бүлгийн гишүүд энэ удаад Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал хандуулжээ. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаас хэрэгжиж эхлээгүй асуудал олон байгаа бөгөөд эдгээр асуудлыг үлдэж байгаа хугацаанд багтааж хэрэгжүүлэх ёстой гэж бүлгийн гишүүд дүгнэсэн байна. Үүний дагуу МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэл өгөх болжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хэрнээ хэрэгжээгүй үлдсэн асуудалд дунд сургуулийн багш сурагчдыг компютерээр хангах тухай байгаа юм. Гэвч санхүүгийн асуудлаас болж гацаанд орсон аж. Энэ ажлын хүрээнд зөвхөн дунд сургуулийн багш нарыг компьютерээр хангахад 16 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Хэдийгээр зээл тусламжаар компютер авахаар төлөвлөж байсан ч энэ ажил бүтэлгүй байгаа гэнэ. Харин уг амлалтыг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт суулгаж өгөх хэрэгтэй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Үүний дараагаар хэлэлцсэн асуудал нь хөдөө орон нутагт газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршооллыг хөгжүүлэх үүднээс газар тариалан эрхлэгчдийг бага оврын трактороор хангах асуудал нэн тэргүүнд тавигдах болжээ. Уг асуудлыг шийдэхийн тулд мөн л ихээхэн хөрөнгө шаардагдаж байгаа болохоор мөнгөний эх үүсвэр олох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт хүргүүлэх болсон байна. Харин цалин, тэтгэврийг нэмэх, малчны зээл, төрийн албан хаагчдын цалингийн зээл, ахмадуудын тэтгэврийн зээлийг Хүний хөгжлийн сангийн хөрөнгөөс төлөх асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төсөлтэй хавсарч шийдвэрлэх шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газар мөн судалж, оруулж ирэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаас гаргажээ.
Б.АЛТАНСҮХ