Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн алхам

Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын үүрэгт ажлаа өгснөөр  сэтгэлийн асар том дарамт, нуруун дээрх хүнд ачаанаасаа саллаа.  Бүтэн хоёр жилийн турш шархдатлаа “зодуулсан” түүнд хувь хүн талаасаа энэ нь хамгийн зөв шийдвэр байсан ч биз. Намын эв нэгдэл, улс орны эрх ашгийн төлөө сүүлчийн ганц дээлээ тайлсан түүний улс төрийн карьер ингээд дуусчихаж байна гэж дүгнэх нь арай эртэдсэн хэрэг болно.  

Урвалт, шарвалт, ганцаардалтай нүүр тулсан арваннэгдүгээр сарын амаргүй хүнд өдрүүдэд Бат-Үүл шиг бахирмаар, хашгирмаар үе түүнд олон тохиосон биз. Танхимынх нь сайд нар нь, хамтран зүтгэгчид нь, ханилж явсан нөхөд нь хүртэл нүүрээ буруулсан нь  Н.Алтанхуягт лав сайхан байгаагүй нь мэдээж.  Гэвч тэр өөрийн гомдолоос намын эв нэгдэл, улсын эрх ашгийг дээгүүрт тавьж чадлаа.

Хэзээ ч хамаагүй бутарч унахад бэлэн  шаазан аяга шиг хэврэг болчихоод байгаа  АН-ын эв нэгдлийн төлөө, улс орны эрх ашгийн үүднээс ганц үлдсэн дээлээ тайлснаараа Н.Алтанхуяг өнөөдрийн хувьд хамгийн зөв алхам хийсэн. Түүнд гомдох асуудал одоо АН-д үлдээгүй биз.  Сайдын суудлыг нь намын тамгыг нь бүгдийг “дээрэмдэж” авсан тэд Н.Алтанхуягт талархаж чадахгүй ч гомдох учир байхгүй. “ 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа наймдугаар сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт дөрвөн жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар  хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм” хэмээн түүний хэлсэн худлаа биш шүү дээ.  Тэр сонгуулийн сайн менежер байсан. Түүний үр дүнд өнөөдөр АН эрх мэдэл, сайдын сандал суудал булаацалдаад сууж байна.  Эрх мэдэл, итгэлийг дааж явахын зовлонг АН хангалттай амсч байгаа шүү дээ.

Магадгүй сүүлийн арван жилд түүн шиг зодуур амссан Ерөнхий сайд байгаагүй биз. Өрөөлийнхөнд ч, өөрийнхөндөө ч боорлуулж, нүдүүлсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрд татсан МАНАН-г сарниулж чадсан нь түүний амжилт.  Ийм амаргүй замыг сонгосон нь түүний хувьд том алдаа болох ч хууль- эрх мэдэл-мөнгө хэмээн том нэгдлийн эсрэг тамираа тасартал тэмцсэнээр тэр ялсан.

Яг үнэндээ Н.Алтанхуяг  ердөө хоёр жилийн өмнө ялалтын хундага хамтдаа тулгаж явсан намынхаа нөхдөд бариулаад дууслаа. Тэр хэр Ерөнхий сайд байсан бэ гэдгийг өнөөдөр  МАН-ынхан шүүн тунгаах бус, АН-ын нөхөд нь шүүмжилж хэлэлцэхээс илүү цаг хугацаа харуулна. Цаг хугацаа хамгийн шударга шүүгч гэдэг шүү дээ.

Н.Алтанхуяг улс төрийн цаг дуусч байна гэж баярлах бас болоогүй. Тэр албан тушаал, үүрэгт ажлаа өгсөн болохоос улс төрөөс урваагүй байгаа.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж